Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2019-2020 онд шинээр ашиглалтад орох уурхай, уулын үйлдвэрийн 53 төслийн ТЭЗҮ-ийг хүлээн авсны 51 хувь буюу 27 нь алтных юм байна. Түүнд Багануур дүүргийн нутагт орших, алтны гравитацийн аргаар баяжуулах, “Өсөх майнинг” компанийн үйлдвэр, Дорнод аймгийн нутагт орших Алтан цагаан овоо ордод түшиглэсэн “Steppe Gold” компанийн баяжуулах үйлдвэрийн төслүүд багтсан байна.
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold” компани он солигдохын өмнөхөн Алтан цагаан овоо ордын бүх зөвшөөрлөө авч, алтны үйлдвэрлэлээ эхэлжээ. Тус компани нэг тонн тутамд 2.13 грамм алтны агууламжтай 300 мянган тонн хүдэр олборлож боловсруулж буй юм байна.
Улмаар 2020 онд нийтдээ 60 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн “Алтан цагаан” овоо төслийн өргөтгөлийн шатны ТЭЗҮ-ээ дуусгахаар ажиллаж буй бөгөөд алтны жилийн гарцаа 150 мянган унц болгон нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гаргасан байна.
Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлснээр, 2020 онд алтны ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд 139 талбайд үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд нь хүргүүлжээ.