2020 оны зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр УИХ-ын сонгуулийн саналт хураалт явагдана гэж Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заажээ. Яг хэдний өдөр санал хураалт явуулахыг УИХ-аас товлоно.
Одоогоор товыг гаргаагүй байгаа юм. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна” хэмээн ярьсан.
Түүнчлэн Сонгуулийн санал хураалттай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан байдаг.
Өөрөөр хэлбэл, аймаг нийслэл, сум хороодын хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд бүртгэхгүй. Харин сонгуулийн саналт хураалтын маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн явагдах юм байна.
2018 онд шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн тухай хуулиар иргэн шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн газраасаа хасалт хийлгэхгүй, шилжин очсон газраа бүртгүүлдэг болжээ. Өмнө нь хоёр талдаа бүртгүүлдэг байсан аж.