Хар тамхи хэрэглэгч залуусын дунд “Мөсний хатан” гэж нэрлэгддэг С.Баярмаа гэх эмэгтэйг хууль сахиулагчид хилээр орж ирэхэд нь саатуулжээ. Тэрбээр Х.Мөнх-Эрдэнэ гэх, тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн залуугаар өмнөд хөршөөс мансууруулах бодис авчруулан удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан юм. С.Баярмаагийн хувьд олон жил хар тамхи зарсан, өөрөө хулгайн хэрэгт холбогдож байсан нэгэн бөгөөд түүнд Баянгол дүүргийн шүүх 10 жилийн хорих ял оноосон бол бараа нийлүүлдэг хамтрагчид нь хоёр жил хорих ял шийтгэж байв. Гэвч давж заалдах, хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлүүлэх гэх мэт арга саам хэрэглэсээр 2017 оны долдугаар 1-нээс шинээр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн үйлчлэлтэй золгосон. Шүүхээс хэргийг нь шинэ хуульд нийцүүлж яллах дүгнэлт үйлдэх даалгавар өгч прокурорт буцаах үед тэрбээр оргон өмнөд хөршийг зорьсон нь тогтоогдсон юм. С.Баярмаагийн хүсэлтээр Х.Мөнх-Эрдэнэ есөн удаа БНХАУ-ыг зорьж, нэг кг орчим мансууруулах бодис оруулж ирсэн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон гэдэг.
Гэвч хэргийн гол эзэн хил давж зугтсан учраас хэргийг нь шийдэхгүй байсаар хилээр орж ирэхэд нь саатуулсны дараа Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа
1 comment
За.за.наад хүүхнээ барьж хориод яадгийн.Улс орноо мөхөөх үйлст хувь нэмрээ идэвхитэй оруулж буй хар тамхичдыг манай шүүх толгойг нь илээд сулладаг юм чинь….