Нэг жилийн өмнө төрсөн ихэр хүүхдүүдийг эрдэмтэд бүхий л амьдралынх нь турш ажиглахаас өөр аргагүй болжээ. Хятадын эрдэмтэн охидыг ХДХВ-д тэсвэртэй болгохын тулд тэдний геномыг зассанаас болж ийм алхам хийхээс өөр аргагүй болоод байна. Гэвч эрдэмтэнд Нобелийн анагаах ухааны шагнал хүртээхийн оронд гурван жилийн хорих ял оноожээ.
Юу болов?
Хятадын эрдэмтэн Хэ Жианкүй 2018 оны 11 дүгээр сард салбарын бага хурал дээрээ нөхөн үржихүйн эмчилгээнд орсон долоон хосын үр хөврөлд өөрчлөлт оруулснаа ярьжээ. Ингээд үр дүнд нь Лулу, Нана хэмээх нэртэй ДНК-ийн өөрчлөлттэй хоёр охин мэндэлсэн гэнэ.
Энэ ажиллагаа хэсэг хугацаанд эргэлзээ төрүүлж байлаа. Учир нь Хэгийн бага хурал дээр хэлсэн үг, Associated Press агентлагт өгсөн ярилцлагаас өөр үүнийг батлах зүйл алга байсан аж. Тэгвэл БНХАУ-ын төрөөс гурван сарын дараа Хэ Жианкүй эрдэмтний мэдэгдлийг албан ёсоор батлаад, энэ судалгааг зогсоохыг үүрэгдэж, мөн эрдэмтнийг улсын хэдэн хуулийг зөрчсөн гэж буруутгажээ.
Үүнээс өмнөхөн эрдэмтэн Хятадын улсыг туршилтаа хэрэглэхээр сонгосон явдал нь тус улсад үр хөврөлийн геномыг засаж өөрчлөхийг хориглосон хууль байдаггүй гэж байв. Эндээс үзэхэд тэрбээр бүх хуулийг судалж үзээгүй нь илт байна. 2019 оны 12 дугаар сарын 30-нд Хятадын өмнөд хэсгийн Шэньжэнь хотын шүүхээс эрдэмтэн Хэн Жианкүйд гурван жилийн хорих ял оноож, 3 сая юанийн торгууль тавьжээ. Тэрбээр хүний үр хөврөлийн геномыг өөрчилсөн хэргээр шүүгдсэн аж.
Эрдэмтэн юу хийсэн бэ?
Эрдэмтний гол даалгавар нь CCR5 генийг унтраах явдал байлаа. Энэ нь эсэд вирусыг оруулахад нөлөөлдөг уургийн үүсэлтэй холбоотой. Хэ эрэгтэй нь ХДХВ-тэй хосуудтай ажилласан. Тэд эм ууж байсан болохоор халдварлаагүй байна. Ингээд 16 үр хөврөлийн геномыг өөрчилж, 11-д нь зохиомлоор үр суулгасан байна. Үр дүнд нь нэг эмэгтэй жирэмсэлжээ. Хэгийн хэлж байгаагаар бол CCR5 генийн хоёр хуулбараар ихрүүдийн нэгийнх нь л генийг өөрчилж чадсан гэнэ.
Хоёр дахь ихэрт нь нэг хуулбарыг нь зассан болохоор ирээдүйд ХДХВ-ээр халдварлах боломжтой гэсэн үг. Түүнчлэн бас нэг эмэгтэй геномыг нь зассан хүүхэд төрүүлэх гэж байгаа гэж Хэ хожим нь мэдэгдсэн байна. Энэ эмэгтэй төрсөн ч хүүхдийнх нь талаар ямар ч мэдээлэл олж чадаагүй байна. Хятадын төр засгаас ихрүүдийг ч мөн нууцалж байгаа аж.
Эрдэм шинжилгээний байгууллагуудын хандлага хэрхэн өөрчлөгдөв?
Эрдэмтэн Хэг Хонгконгт болсон хүний генетикийг өөрчлөх тухай олон улсын хоёрдугаар их хуралд судалгааныхаа талаар ярих үед олон эрдэмтэн энэ судалгааг сөргөөг хандаж байлаа. Нобелийн шагналтан Дэвид Балтимор CCR5 генийг унтрааснаар Барууны Нил хумхаа болон бусад вирусын өвчлөлөөр халдварлах эрсдэлтэй, мөн томуугаас болж нас барах магадлал нэмэгдэнэ гэж байв. Хэгийн ашигалсан CRISPR/Cas9 геномыг засах технологийг бүтээгчдийн нэг Женнифер Дудна энэхүү туршилтыг эрс шүүмжилсэн.
Бага хурал 2018 оны 11 дүгээр сард болсон. Энэ үеэр эрс шүүмжилж байсан эрдэм шинжилгээний салбарынхан аажмаар энэ туршилтыг тун болгоомжлонгуй байдалтайгаар сонирхож эхэлсэн юм. Харвардын генетикч Жорж Черч ХДХВ-ыг хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй аюул заналхийлэл гэдэгт гол анхаарлаа хандуулсан.
2019 оны хоёрдугаар сард Америкийн Cell шүүмжлэлт сэтгүүлд геномыг засаж өөрчилсний сөрөг болон эерэг өөрчлөлтийн тухай нийтлэл гарчээ. Тестээс үзэхэд оготны CCR5 генийг авснаар танин мэдэх үүрэг нь сайжирч байсан гэнэ. Түүнчлэн зарим хүний CCR5 нь байгалийн мутациас болоод байдаггүй, зүрхний шигдээсийн дараа амархан сэргэдэг гэжээ.
Гуравдугаар сард ДЭМБ-ын шинжээчдийн баг дэлхий даяар хүний генийг засаж өөрчлөх салбарын судалгаанд бүртгэл үүсгэх хэрэгтэй гэсэн байна. Түүнчлэн ДЭМБ-аас нийгмийн бүлэг, өвчтөнүүд, ёс зүйн мэргэжилтнүүд болон нийгмийн харилцааны салбарынхантай зөвлөлдөхийг үүрэгджээ.
CRISPR/Cas9 системийг хүмүүс дээр ашиглахтай холбоотой маргаан өнгөрсөн зун Орост хүртэл дэгдсэн юм. Оросын В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд, перинатологийн шинжлэх ухааны төвийн геномын засаж өөрчлөх лабораторийн эрхлэгч Денис Ребриков дүлийг үүсгэдэг мутацийг арилгах зорилгоор геномыг засаж өөрчлөх бодолтой байгаага зарласан. Энэ асуудлаар сайн дурын гэр бүлийн хос олсноо ч тэрбээр мэдэгдсэн. Орост үр хөврөлд туршилт хийхийг хориглодоггүй, өөрөөр хэлбэл эрх зүйн “саарал бүс”-д байдаг гэсэн үг.
Юу болсонгүй вэ?
Хэрвээ туршилт Хэгийн төлөвлөснөөр болсон бол Нобелийн шагнал хүртэх байлаа. Тэрбээр ХДХВ-ыг тээгчээс хамгаалах CCR5 ген дэх байгальд байдаг мутацийг дахин бий болгохоор төлөвлөжээ. Гэвч охидын геномын хожуу үеийн анализ судалгаагаар засаж өөрчлөх систем нь тэрхүү мутацийг бий болгоогүй байв. Амжилтгүй болсны шалтгаан нь CRISPR/Cas9-ийн ажиллагааны онцлогт оршиж байв. Генийг эвдэх амархан ч түүнд бага ч атугай өөрчлөлт оруулах технологи нь төгс болж чадаагүй юм.
Аравдугаар сард Nature сэтгүүлд Хэгийн туршилтад тус болж магадгүй шинэ технологийг тайлбарласан нийтлэл гарчээ. Америкийн генетикчид CRISPR/Cas9-ийг хувиргаж, түүнийг хүнд өвчин үүсгэдэг олон төрлийн мутацийг үр дүнтэйгээр засахад сургажээ. Энэ судалгааг гаргасан хүмүүс засаж өөрчилсний үр дүн 10-50 хувь гэж байв.
Гэтэл Хэ Жианкүй эрсдэлийг үүрээд ч энэ даалгавраа гүйцэтгэж чадаагүй. Тэрбээр генийг засаж өөрчилснөөр их хэмжээний ашиг олно гэдгийг ойлгож, алдар нэр, ашиг сонирхлын төлөө 2016 онд л өөрийнхөө хөрөнгө мөнгөөр хамтран ажиллах хүмүүсээ татаж, аюулгүй байдал, үр дүн нь өнөө хэр нь тодорхойгүй техник ашиглаж байлаа. Бас зориудаар хяналт шалгалтаас зугтаж, улс орондоо албан ёсоор хориглосон ДНК-ийг өөрчлөх туршилтыг явуулжээ.
Үүгээр ч зогсохгүй тэрбээр туршилтад ёс зүйн хэм хэмжээний нийцлийн тухай хуурамч материал гаргаж, туршилтад оролцож байгаа хүмүүсийг төөрөгдүүлж, хуулийн дагуу туршилт явуулж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлж чаджээ. БНХАУ-ын Эрүүл мэнд, хүүхэд төлөвлөлтийн асуудлаарх төрийн хорооноос ингэж баталж байгаа юм.
Хэ амжилтад хүрсэн нь тодорхой болсон бол түүнд хандах хандлага огт өөр байх байсан. Стэнфорд дахь хууль зүйн профессор Хэнри Грили ёс зүйтэй бус, эдийн засагтай холбоотойгоор хүмүүсийг сайжруулах боломжтой байсан гэжээ. Хэрвээ эм үйлдвэрлэлийн ямар нэгэн том компани энэ салбарт ажиллаж эхэлбэл нийгмийн санаа бодол өөрчлөгдөнө.
Үүнд зөвхөн “Бид таны хүүхдийг өөрчилнө” гэсэн маркетингийн уриа, түүнчлэн үр удмаас нь удамшлын өвчнийг нь авах боломжийн тухай эрх зүйтэй хобоотой эцэг эхчүүдэд зориулсан социологийн судалгаа л хангалттай.
Грили ийм зүйл тун удахгүй болно гэж үзэж байна. Одоохондоо бол CRISPR/Cas9 технологи хэтэрхий хүнд байна. Томоохон тоглогчид ч боломжит ашгаа тооцоолон хууль бус судалгаа хийхэд бэлэн биш байгаа юм.