Интернэтээр сонгуулийн кампанит ажил явуулдгаараа мэргэшсэн Британийн Cambridge Analytica фирмтэй холбоотой шинэ дуулиан дэгдлээ. Twitter-ээр тус компанийн дэлхий даяарх улс төрийн тоглогчидтой хийсэн гэрээг ил болгосон баримтууд дэлгэгджээ.
Эдгээр гэрээний хүрээнд Cambridge Analytica нь сонгуульд хутгалдан орж, олон нийтийн санаа бодлыг залж удирдаж байжээ. Өмнө нь энэ компанийн Facebook хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ашигласан хэрэг илэрч байсан билээ.
Энэ удаад 60 гаруй улсын сонгуульд хутгалдан орсон талаарх 100 мянган баримт ил болсон байна. Малайз, Кени, Бразил, Ираны сонгуулийн кампанит ажилд оролцсон гэх хэд хэдэн материал Twitter-ийн HindsightFiles аккаунтад гарчээ. Энэ баримт, бичлэг зэргийг Cambridge Analytica-гийн ажилтан байсан Британи Кайзер гаргаж өгсөн гэнэ.
“Би дэлхий даяар мэдээллийг хамгаалах, интернэтээр сонгуулийн хуулийг хангах асуудлыг улам чангаруулаасай гэсэндээ үүнийг хийлээ. Бид өөрсдийнхөө болон үр хүүхдүүдийнхээ төлөө ёс зүйтэй цахим ирээдүйн төлөө зүтгэх ёстой” хэмээн Британи Кайзер тэмдэглэсэн байна.
Кайзер The Guardian сонинд өгсөн ярилцлагадаа Америкийн улс төрийн санхүүгийн схемийг ил болгосон баримтуудыг гаргана гэж мэдэгдсэн аж. “Энд Трампын чухал ивээн тэтгэгчдийн хооронд илгээсэн цахим шуудан бий. Энд санхүүгийн хэд хэдэн механизмаар дамжуулан хандивыг нуух аргуудыг хэлэлцсэн байсан. Эдгээр баримт нь Америкийн улс төрийн хууль бус санхүүжилтийн бүх сүлжээг илчилнэ” хэмээн тэрбээр ярьжээ.
Cambridge Analytica-гийн үйл ажиллагааны цар хүрээний талаар анх хоёр жилийн өмнө дуугарч байсан. 2018 оны гуравдугаар сард Британийн сэтгүүлчид компанийн топ менежерүүдтэй уулзаж, нууц камераар ярианыхаа бичлэгийг авсан юм. Энэ үеэр огт сэжиг ажиг аваагүй удирдагчид дэлхийн олон орны 200 гаруй сонгуулийн кампанит ажилд оролцож байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Cambridge Analytica энэ бүгдийг үгүйсгэж, сэтгүүлчдээр даажигнасан гэж мэдэгдсэн аж.
Тэгвэл Facebook-тэй холбоотой асуудлын хувьд тус компани 50 сая хэрэглэгчийнх нь тухай мэдээллийг хууль бусаар авчээ. Энэ нь хэрэглэгчдийг санаа бодлыг удирдах, тэр дундаа улс төрийн үзэлд нь нөлөөлөх асар том боломжийг нээсэн юм.
“Та олон нийтийн сүлжээ ашиглахдаа олон мэдээллийг тэнд байршуулдаг. Үүнийг судлаад, боловсруулж болно. Компьютер бүхий л талаас нь мэдээллийг цуглуулдаг. Энэ бүгд таны үйлдэлд ч нөлөөлж болно” хэмээн Cambridge Analytica-гийн ажилтан асан Крис Уайли ярьжээ.
Cambridge Analytica компани 2018 оны тавдугаар сард дампуурсан юм. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллийг цуглуулж, ашиглах нь хэвийн зүйл болсон, хэрэглэгчид өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрдөг гэнэ.
“Бид “хэрэглэгчийн гэрээ” гэгч зүйл дээр “зөвшөөрч байна” гэдэг товчлуурыг дарснаар л өөрсдөө зөвшөөрлөө өгчихдөг. Эсвэл ямар нэгэн цэс гарч ирэхэд бид мэдээлэл цуглуулах эрхийг өгчихдөг. Ялангуяа энэ нь сонжоонуудад хамааралтай” гэж кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Андрей Масалович мэдэгджээ.
Cambridge Analytica нь Украины хэрэглэгчдээс хангалттай мэдээлэл цуглуулсан гэдэг. Британи Кайзер түүнчлэн 2017 онд компани нь Украины нэг намыг дэмжиж байсан тухай баримтыг нийтэлнэ гэдгээ амлажээ. Харин яг ямар нам болохыг хэлээгүй байна.