Монгол Улсын хилийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан “Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах журам”, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны А/215 дугаар тушаалаар батлагдсан “Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах заавар”-ыг хэрэгжүүлж, хилийн анги, тусгай салбаруудад хилийн эрлийн нохойг улсын хил хамгаалалтад ашиглаж байгаа.
Энэ хүрээнд Албаны нохойн сургалтын төвийг бэхжүүлэх чиглэлээр Хилийн 0151 дүгээр ангийн “Албаны нохойн сургалтын төв”-ийн үржлийн нохойн байрыг шинээр барьж, сургалтын хотхоныг зааврын дагуу төхөөрөмжлөн, материаллаг баазыг бэхжүүлсэн байна.
Мөн ХХЕГ хилийн эрлийн нохойн анхан шатны сургалтыг 2017-2019 онуудад 45-60 хоногийн хугацаатай зохион байгуулж, албаны нохой сургагч, хөтлөгчийг сургаж бэлтгэжээ. Цаашид цэвэр үүлдрийн үржлийн нохойг худалдан авч хилийн ангиудыг албаны нохойгоор бүрэн хангах аж.
Түүнчлэн хилийн 0243, 0101, 0151 дүгээр анги, ОХУ-ын ХАБА-ны Буриадын ХУГ-тай хамтран “Улсын хил хамгаалалтад албаны амьтад ашиглах нь” сэдэвт туршлага солилцох уулзалтыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулсан байна.
Үүнээс гадна
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны A/52 тушаалаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад нохой чарга ашиглах журам”-ыг хэрэгжүүлж, нохой чаргыг улсын хил хамгаалалтад ашиглаж байна. Нохой чаргыг улсын хил хамгаалалтад ашиглах арга зүйн сургалтыг 2018-2019 онд гурван удаа зохион байгуулсан. Чарга болон дагалдах тоног хэрэгслийг Хилийн 0252 дугаар ангийн Үйлдвэрлэл, технологийн цехэд захиалан хийлгэж, зарим хилийн ангийг хангажээ.
Сонирхуулахад, Албаны нохойн ашиглалт, эзэмшилт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор “Албаны нохой 2020-2024” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлнэ