Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3884 дуудлага мэдээлэл хүлээн авч 1007 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн.
Гэмт хэргийн шинжтэй осол 72 бүртгэгдэж, хүн гэмтсэн 93, зам тээврийн осол хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шинэ жилийн баярын үйл ажиллагаа, тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулж буй томоохон аж ахуйн нэгж байгууллагад 120 ширхэг албан мэдэгдэл хүргүүлж, “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоод”, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400.000+1 жил эрх хасна” гэсэн бичиглэл бүхий наалтыг байгууллагын үүдэнд, ариун цэврийн өрөө, иргэд хүлээн авах өрөөнд нийт 1200 ширхэгийг наалгах ажлыг зохион байгуулсан.
Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөнд оролцогч нарт эерэг сэтгэгдэл төрүүлэх зорилгоор “Санта цагдаа” арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө, Залуучуудын гудамж, Чингисийн өргөн чөлөө, нисэх болон төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал орчимд 18 постод “Санта цагдаа”-аар үүрэг гүйцэтгэсэн” гэсэн мэдээллийг өглөө.