Тогтворжилт алдагдахаас сэргийлэх автоматик энэхүү систем нь Эрчим хүчний систем /ЭХС/-д үүсч болох бүхий л төрлийн аваарын горимын үед ситемийг тогтвортой авч үлдэх мэдээлэл хүлээн авах, боловсруулах, үйлдэл хийх гэсэн дараалал бүхий алгоритимчлэгдсэн цогц шийдэл юм. Энэ системийн ажиллагааны хамрах хүрээ, үйлдлийн дараалал, эзлэхүүнийг Эрчим хүчний системийн динамик тооцооллоор тодорхойлно. Монгол Улсын Эрчим хүчний системийн хувьд цахилгаан механик шилжилтийн горимын үед тогтворжилтыг хэрхэн хангагдаж байгаа нь тодорхой бус, ямар төрлийн шилжилтийн горим, савлалтад тогтворжилтоо алдаж буйг тодорхойлж чадахгүй байгаа энэ үед “WAMS” буюу “Шилжилтийн горимын хяналт мэдээллийн систем”-ийг нэвтрүүлж байгаа нь тун өндөр ач холбогдол бүхий ажил боллоо. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Бид 2019 оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласан. Дэлхий нийт ухаалаг систем, программ хангамж руу чиглэдэг боллоо. Харин манай салбарын хувьд учир дутагдалтай байсан. Энэ жил томоохон дэвшилт гаргаж чадлаа. Нэг нь энэхүү WAMS юм. Энэ систем нэвтэрснээрээ найдвартай ажиллагаа өснө. Аваарын нөхцөл байдлаа урьдчилан тодорхойлж чаддаг болно. Системээ үнэлдэг болно. Юунаас болов гэдгийг богино хугацаанд тодорхойлдог болно гээд олон талын давуу талтай программ хангамж байгаа” гэдгийг нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.
“WAMS” системийг ашиглан 2020 оноос нэгдсэн сүлжээний бүх төрлийн горимд тасралтгүй хяналт шинжилгээ хийснээр реле хамгаалалт, автоматикийн тавил тооцооны үнэмшил, тогтворжилт алдагдахаас сэргийлэх төвлөрсөн автоматикийн судалгааны ажил, горимын тооцооны математик загварчлал сайжирч Монгол Улсын Эрчим хүчний системийн цаашдын хөгжилд томоохон ахиц дэвшил гарах болно.
Дээрх ухаалаг системийг нэвтрүүлснээр нэгдсэн сүлжээнд болж байгаа шилжилтийн горимыг асар хурдтай бүртгэж 0,02 секунд буюу нэг үеийн дотор 60-100 хэмжилт хийх бололцоотой. Ингэснээр нэгдсэн системд болж байгаа бүх процессийг тодорхойлох боломжийг олгож байна.
“WAMS” систем хэрэгжиж цаашид үе шаттай хөгжүүлсэний үр дүнд дараах үр дүн гарна. Үүнд:
Шилжилтийн горимын болон реле хамгаалалтын аваар эсэргүүцэх автоматикийн тооцооны үр дүн бодит байдалд ойртож тооцооны үнэмшил цоо шинэ шатанд гарна
Нэгдсэн сүлжээний тогтворжилтийг хангах техникийн арга хэмжээ тодорхой болно
Тогтворжилт алдагдахаас сэргийлэх төвлөрсөн автоматикийн систем бий болно
МУ-ын Эрчим хүчний системийн одоогийн төлөв байдал болон цаашдийн хөгжлийн талаарх судалгаа шинжилгээг өөрийн инженер техникийн ажилтан /ИТА/-ууд бүрэн хийх чадамжтай болно
Диспетчерийн удирдлага оновчтой, хурдан, зөв шийдэлтэй болох зэрэг үр дүнд хүрэх юм.
Эрчим хүчний зохицуулах хороо