Иракын Багдад хотод нэгдүгээр сарын 3-ны шөнө Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын генерал Касем Сулеймани алагджээ.
Энэхүү үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ Ираны цэргийн дээд командлагч Касем Сулейманийг дайныг эхлүүлэхийн тулд бус дайныг зогсоох гэж алсан” гэж мэдэгдсэн талаар ВВС мэдээллээ.
АНУ-ын засгийн газар Сулейманийг олон зуун цэргийнх нь үхэлд буруутай, цаашдаа олон аюултай халдлага зохион байгуулахаар төлөвлөж байсан хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 3000 нэмэлт цэргийг Ойрхи Дорнод руу илгээгээд байна.
Харин Ираны шашны тэргүүн Аятолла Хамени төв телевизээр үг хэлэхдээ улс даяар гурван өдрийн гашуудал зарлаж, генералын өшөөг АНУ-аас авахаа амлав. Генерал Касем Сулейманий үхэл хоёр улсын хоорондын харилцаанд хурцадмал байдал үүсгээд байна.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор их гүрнүүдийн удирдагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нар: Сулеймани үхэлд санаа зовниж буйгаа илэрхийлсэн гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдэв.
ОХУ-ын Батлан хамгаалахын яам: Сулейманийг олон улсын терроризмтой тэмцсэн хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ АНУ-ын алсын хараагүй үйлдэл нь Ойрхи Дорнодын бүс нутагт цэрэг, улс төрийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэжээ.
Иракын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Адель Абд аль-Махди: АНУ-ын энэхүү үйлдлийг тус улсын эсрэг үйлдэж буй түрэмгийлэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ливаны Гадаад хэргийн яам: АНУ-ын ажиллагаа Иракын тусгаар тогтнолд заналхийлсэн ажиллагаа байсан бөгөөд хурцадмал байдлыг улам дэврээж байна гэв.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам: Олон улсын харилцаанд хүч хэрэглэхийн эсрэг байгаа бөгөөд талуудыг тайван байхыг уриалав.
Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель: Мөргөлдөөнд оролцогч талууд “хүчирхийлэл, өдөөн хатгалга, өшөө авалт” -ын хэрцгий хүрээг таслан зогсоохыг уриалав.
Франц болон Их Британийн гадаад хэргийн яам: Ойрхи Дорнод дахь тогтвортой байдлыг хадгалах нь тэдний нэн тэргүүлэх бодлого байх болно гэдгээ мэдэгдэлдээ дурдав. Үүний зэрэгцээ Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Ираны “түрэмгийлэл заналхийллийн тухай” мэдэгдэв.
Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн орлогч Ульрике Деммер: Энэхүү аллага нь Ираны өдөөн хатгалгад өгсөн хариу үйлдэл гэжээ
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху: АНУ-ын үйлдлийг дэмжиж, Дональд Трамп бол хурдан, шийдэмгий, хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн. Үүнийхээ төлөө магтаал хүртэх ёстой гэв.
Б.ИРЭЭДҮЙ