Онон-Балжийн БЦГ-ын аялал жуулчлалын бүсийн Битүүгийн ар нэртэй газраас 11 дүгээр сард өөрөө идэш тэжээлээ олж идэх, өвөлжих боломжгүй, 4 хөл нь хөлдсөн байдалтай олдсон Хүрэн баавгайг Хамгаалалтын захиргаа нь зориулалтын торонд байршуулан өвөлжүүлж байна.
Тус баавгайг хооллох, өвөлжүүлэх, байрыг дулаалах ажлыг хариуцах ажлын хэсгийг Хамгаалалтын захиргааны даргын тушаалаар байгуулан, орчны бүсийн иргэдэд баавгайн талаарх цаг тухай үеийн мэдээ, мэдээллийг хүргэж, хоол хүнс хандивлах уриалгыг гарган, ажлын хэсэг нь хуваарийн дагуу баавгайг хооллож, тус баавгайн хооллолт, зан төрх, эрүүл мэндийн ажиглалтыг өдөр бүр хийж, ажиглалтын дэвтрийг хөтлөн ажиллаж байна.
Тус ажиглалтаар баавгай нь өдөрт 3 кг мах, 2 литер ус, 200 гр жимс, хүнсний ногоо буюу нийтдээ долоо хоногт 21 кг мах, 14 л ус, 1,4 кг жимс, хүнсний ногоо хэрэглэж, эрүүл мэнд, зан төрхийн хувьд хоолоо тогтмол идэж, хэвийн байна.