Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар ангийн болон байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт хэрэгсэл оруулж ирдэг бүлгийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд 2019 оны арванхоёрдугаар сарын 28-нд үйлдэл дээр нь илрүүлэн дайчлан баривчилжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тус бүлгийнхэн хилээр хууль бусаар бараагаа оруулан, нийслэлд борлуулдаг сүлжээтэй бөгөөд дээрх боомтод дөрвөн хүнийг нь саатуулсан юм байна.
Байлдааны болон хууль сахиулах байгууллагын албан хэрэгцээнд ашигладаг галт зэвсэг, сум, галт хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, худалдахдаа холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авах ёстой.
Гэвч дээрх бүлгийнхэн ямар ч тусгай зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж, улмаар Улаанбаатарт авчран зарим зах, худалдааны төвд борлуулдаг байсан нь шалгалтаар тодорхой болжээ.
Г.ОРЧЛОН