Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хүчингүй болж байна.
Харин 2017 онд батлагдсан “Малчин, хувиараа хөдөлмөр эрхэлгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль” 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх нь ээ. Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх зорилгоор хуулийг баталсан юм. Энэхүү хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ жилээс эхлэн 420.000 төг болж байгаа юм. Тиймээс малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд нь уг хуулийн 5.1-д заасны дагуу “… тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна” гэснийг мөрдлөг болгон сарын 42,000 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болж байна.
Хууль нэг жил хэрэгжих тул энэ хугацаанд амжуулж, тасалдсан НДШ-ээ сарын 42 мянгаар бодож, нөхөж төлнө гэсэн үг. 1995 оноос 2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэд энэхүү хуульд хамрагдан аж.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- иргэний үнэмлэхний хуулбар;
2. малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
3. иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт;
4. иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь.
Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх гэж байгаа малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргах юм байна.
Хуулийг бүрэн эхээр нь хүргэе
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот
МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль тогтоомж
2.1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг;
3.1.2.“хувиараа хөдөлмөр эрхлэгч” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.8-д заасан иргэнийг;
3.1.3.“тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг.
/Энэ заалтад “тухайн үед мөрдөгдөж байсан” гэснийг “эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон” гэж 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарна.
/Энэ хэсэгт “эрхэлж байсан” гэсний дараа “, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй” гэж 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4.2.Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй.
4.3.Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй.
5 дугаар зүйл. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хувь, хэмжээ
5.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.
5.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
6 дугаар зүйл. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
6.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хариуцан зохион байгуулна.
6.2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний нөхөн төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ.
6.3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг Засгийн газар батална.
7 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг
7.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
7.1.1.иргэний үнэмлэхний хуулбар;
7.1.2.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
7.1.3.иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт;
7.1.4.иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь.
7.2.Энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
8 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
8.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Бэлтгэсэн Н.ЦЭНДБАТ
1 comment
ХАДГАЛАМЖ үүүсгээ наадах чинь үржэхгүй