Хүүхэд хамгаалах, хөгжүүлэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Лантуун дохио” ТББ-ын байгуулсан энэ төсөлд 60 гаруй мянган байгууллага хувь хүн хандив тусламж өгснөөр олон улсын жишиг стандартад нийцсэн хүүхэд хамгааллын төв сүндэрлээд байна. Сургуулийн өмнөх насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, сэтгэл заслын, иог балетын гэхчлэн тус тусын онцлогтойгоор танхимыг шийдсэн энэ төв хэдийнээ хүүхдүүдийн ирэх дуртай газар болж, өдөрт 70 аас илүү хүүхэд зочилж, ном уншиж, халуун сүүгээр дайлуулдаг байна.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Хүүхэд хамгааллын төлөө хийсэн энэ том ажлаар бахархахгүй байх аргагүй юм. Жижиг гэлтгүй бүх зүйл хүүхдийн хөгжил аюулгүй байдлыг хангаж чанартай түвшинд хийгдсэнд баяртай байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс бодлогын хувьд дэмжих болно“ гээд БСШУСЯ-ны бэлэг болох компьютер, хүүхдийн номуудыг гардууллаа.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан анх санаачилсан Үндэсний өгөх өдөр энэ жил “Юу байна түүгээрээ” уриалга дэвшүүлсэн. Тэгвэл арваннэгдүгээр сарын 1-нд тохиодог Үндэсний өгөх өдрийн хүрээнд байгууллага хувь хүмүүс “Ид шидийн орон 2” төсөлд хандив өргөж 24 цагийн дотор 345 сая төгрөг цуглажээ. Энэ мөнгөөр дутуу байсан балет, иог бүжгийн дугуйлан, хөдөлгөөн заслын анги тахимыг тохижуулахад зарцуулж байгаа талаараа “Лантуун дохио” ТББ-ын дарга Ч.Ганжавхлан танилцууллаа. Мөн энэ өдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Ид шидийн орон” төвийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл гармагц улсаас хувьсах зардлыг олгохоор болсон гэдгээ мэдэгдэж байсан юм.
Дашрамд, 2017 онд “Өгөх өдөр”-ийн санаачилагчид охид эмэгтэйчүүдийг хүчэрхийллээс хамгаалах “Нүдээ нээ” уриалга дэвшүүлэхэд “Латуун дохио” ТББ дэмжин хамтран зохион байгуулж байжээ.