“Майкрософт” корпораци Умард Солонгосын хакеруудыг АНУ дахь үйлчлүүлэгчдийнх нь чухал мэдээллийг компьютер сүлжээнээс хулгайлсан гэж үзэж байна. Энэ тухай “Си-Эн-Эн” суваг даваа гарагт мэдээллээ. “Майкрософт” корпораци энэ сард Виржиния мужийн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэл дээрх агуулгаа эхэндээ нууж байсан боловч удалгүй хоёр кибер гэмт хэрэгтэн компанийн үйлчлүүлэгчдийн компьютерийн чухал сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн гэж мэдэгдсэн. Хакеруудын нэрийг энэ үеэр зарлаагүй.
Харин тэднийг Умард Солонгосын “Таллиум” нэртэй хакеруудын бүлэглэлд багтдаг гэж “Майкрософт”-оос баталжээ. Хакеруудын халдлагад ямар үйлчлүүлэгчдийнх нь мэдээлэл орсныг дэлгэрүүлээгүй байна. Гэхдээ “Таллиум” бүлэглэл төрийн албан хаагчид, судалгааны байгууллагууд, цөмийн зэвсгийн үл дэлгэрүүлэх асуудал эрхэлдэг эрдэмтдийн мэдээллийг сонирхдогийг “Майкрософт”-оос мэдээлжээ.
Энэ бүлэглэл 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. “Майкрософт” корпораци хакеруудыг халдлагадаа ашигладаг сүлжээний зарим нөөцөд хяналт тавих эрх олгуулахаар шүүхэд хандаад байгаа гэнэ.