Технологийн дэвшил, цахим орчны хөгжлөөс урган гарсан хамгийн том толгойн өвчин нь хуурамч “мэдээлэл”. Дэлхий нийтийн хувьд хамгийн том бэрхшээл болоод байгаа мушгин гуйвуулсан, хуурамч, хуудуутай, иргэдийг төөрөгдөлд оруулсан элдэв “мэдээлэл”-тэй тэмцэхийн тулд мэргэжлийн сэтгүүл зүйн салбар төдийгүй улс орнууд бодлогоор хүч хаяж эхлээж буй.

Тэгвэл яг энэ зорилгоор Германы Дойче Велле академи, Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хамтран Factcheck Mongolia төслийг өнгөрсөн есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд хийсэн Factcheck.mn вэб сайтыг өнөөдөр нээлээ.

Уг вэб сайтад олон нийтийн сүлжээгээр түгсэн, үнэн худал нь тодорхойгүй буюу иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг Factcheck Mongolia байгийнхан хамтран нягталж, баталгаажуулан, үнэн эсэхийг мэдээлэх юм. Өөрөөр хэлбэл, тус сайтад нийтлэгдсэн мэдээллийн өмнө

  • Улаан тэмдэглэгээ байвал ХУДАЛ
  • Ногоон тэмдэглэгээ байвал ҮНЭН
  • Шар тэмдэглэгээ байвал 100% үнэн эсвэл худал биш гэсэн үг. 

Түүнчлэн Factcheck.mn вэб сайтад нийтлэгдсэн мэдээллүүдийг иргэд уншиж, нягталж, шалгасан бодит мэдээллийг авахаас гадна сэтгүүлчид эх сурвалжийг нь дурдан нийтлэл, мэдээлэлдээ ашиглах боломжтой. Factcheck Mongolia төсөл Монголын хэвлэл мэдээллийн 14 редакц хамрагдаж байгаа бөгөөд тэдгээрээс аль редакц тухай мэдээллийг нягтлахад оролцон ажилласнаас хамааран эх сурвалжаа дурдах юм.

Цахим хуудсыг нээж Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн Гүйцэтгэх захирал, “Fact Check Mongolia” хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тамир хэлсэн үгэндээ “Олон улсад ч шүдний өвчин болоод буй хуурамч мэдээлэл сонгуулийн үеэр улам дэлгэрдэг. Ирэх онд болох УИХ-ын сонгуультай холбоотой Монголд энэ төрлийн мэдээлэл эрс нэмэгдэнэ. Тэдгээр мэдээллийг шалган нягтлаад иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэх нь манай вэб сайтын гол зорилго” гэдгийг онцоллоо.

“Ёс зүйн алдаа гаргасан таван мэдээлэл тутмын нэг нь баримтыг нягтлаагүй байсан”

Factcheck Mongolia төсөлтэй Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран ажиллаж буй. Тус зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нээлтийн үйл ажиллагаанд оролцож, сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Fact check хийх буюу баримтыг нягтлах, сэтгүүлчийн ёс зүй хоёр бол салшгүй утга юм. Манай зөвлөлөөс гаргасан Сэтгүүлчийн ёс зүйн дүрмийн 1.1-д “Зөвхөн үнэнийг мэдээлнэ” гэж заасан байдаг. Тиймээс хуурамч мэдээлэлтэй тэмцэхийн төлөө бид хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөлд 333 өргөдөл ирсний 80 орчим хувь нь редакцын ёс зүйн алдаатай холбоотой байсан.

Харин алдаа гаргасан таван мэдээлэл тутмын нэг нь баримтыг нягтлан шалгаагүйтэй холбоотой байсан. Энэ нь баримтыг нягтлан шалгах ур чадварт суралцах нь сэтгүүлчид олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал бөгөөд олон нийт эргээд үнэн бодит мэдээлэл авах эрхээ хангахын төлөө редакцуудыг хянаж, өргөдөл өгдөг болсныг харуулж байгаа юм. Тиймээс төсөл цаашид амжилттай хэрэгжиж, сэтгүүл зүйн салбарын нэр хүнд өндөрт байх болтугай” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Маш чанга дуугаар “Хуурамч” гэдгийг зарлана

Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Германы Дойче Велле академиас сургагч багш нар хүрэлцэн ирж, баримтыг нягтлах талаар тодорхой ур чадвар эзэмшүүлэх гурван удаагийн сургалт явуулсан юм.

Сургалтад хамрагдагчдын нэг, NTV телевизийн сурвалжлагч Б.Болор-Эрдэнэ “Бид өнгөрсөн хугацаанд МЭССТТ-ийн багш нар болон Дойчи Велле академийн багш нараасаа гэрэл зураг, видеог хэрхэн нягталж шалгаж болох талаар маш үнэтэй хичээлийг сурсан.

Тухайлбал, зургийг хараад энэ зураг эх зураг мөн үү, анхны эх сурвалж нь хэн юм, хэзээ нийтэлсэн болоод хаана авсан зураг болох, фотошопоор янзалсан байна уу гээд олон чадварыг суралцсан. Бичлэг дээр ч мөн бид эдгээр мэдээллийг нягталж сурсан. Хуурамч мэдээлэл маш хурдтай олон хүний сонирхлыг татдаг ч хэвлэл мэдээллийнхэн, мэргэжлийн сэтгүүлчид, тэр дундаа factcheck.mn маш чанга дуугаар “Хуурамч” гэдгийг зарлахад тус болно гэж итгэж байна” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн