Долоо хоногт тогтсон өдрүүдэд мацаг барих нь хэд хэдэн төрлийн ач тустай талаарх судалгааг Америкийн Жон Хопкинса их сургуулийн судлаачид явуулсан байна. Тус судалгаанд мацаг барих нь хэт таргалалт, хорт хавдар, чихрийн шижин болон зүрхний өвчлөлийг эдгээх мөн дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх нэгэн арга зам байж болохыг онцолжээ.
Долоо хоногт хоёр өдөр 6-8 цагийн зайтай хоол идэж, 16-18 цагийн туршид хоол идэхгүй мацаг барих нь ийм ач тустай байж болохыг онцолсон байна.
Профессор Маттсон хоол идэх болон мацаг барих цаганд өөрчлөлт оруулснаар хүний биеийн эд эсүүдийг улам идэвхжүүлэх боломжтой гэж үзжээ. Ялангуяа жингийн илүүдэлтэй хүмүүс ингэж мацаг барих үед тэдний бие дэх эсүүдийн нөөцөд буй энергийг ашиглаж эхэлдэг буюу өөхийг энерги болгон шатаадаг байна.
Мөн дундаа хэд хэдэн өдрийн завсарлагатай мацаг барьж байх нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, урт наслалтад хүргэнэ гэж үзжээ.
Тус судалгаанд Японы Окинава мужийн иргэд эрдэс тэжээллэг баялаг, калори багатай хоол хүнс хэрэглэдэг, мөн урт наслалтаараа алдартай гэдгийг цохон тэмдэглэж, Окинава мужийн иргэд тогтсон өдрүүдэд мацаг барьдаг нь тэдний эрүүл мэндэд ихээхэн эерэгээр нөлөөлсөн байж болохыг онцолсон юм