Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, төрийн их баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, тавантаа үзүүр булааж, Монгол төрийн их баяр цэнгэлд 10 шахам удаа түрүү, үзүүрт шалгарсан, даяар дуурсагдах, далай даян, дайчин дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын төрөлх нутагт алдарт аваргын нэрэмжит, тус сумын ЕБС-ийн хичээлийн шинэ байр болон дархан аваргын шинэ хөшөөг нээх ёслол боллоо.
Уг ёслолд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, Б.Чимэдвандан нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, “Алдар” биеийн тамир спорт хороо, “АПУ” ХК, Их Монголын Хүчтэн Дэвжээний бөх, улсын арслан Доржпаламын Ганхуяг зургаа даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Өв АЗЗА” ТӨХК, Их Монголын Хүчтэн Дэвжээний бөх, аймгийн харцага Цэдэнсодномын Бямба-Отгон тав даван үзүүрлэв.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “МАКС” групп, Их Монголын Хүчтэн Дэвжээний бөх, улсын начин Батмөнхийн Сангисүрэн, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан нар шалгарлаа.