Мансууруулах бодисын аюул Монгол орныг нөмөрч, аюулын харанга дэлдэж буй. Тэр дундаа ирээдүй хойч болсон залуу үеийнхнийг заналхийлж, нийгмийн давхарга, мэргэжил, боловсрол харгалзахгүй хүн амын дунд чимээгүй тархах болсон. Өнгөрсөн намар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас гаргасан тоон мэдээллээс үзвэл мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 2016 онд 229 хүн холбогдсоноос 0-18 насны зургаа, 19-25 насны 113, 26-35 насны 77, 35-аас дээш насны 33 хүн байжээ. 2017 онд нийт 247 хүн энэ хэрэгт холбогдсоноос 0-18 насны 18, 19-25 насны 89, 26-35 насны 122 иргэн саатуулагдсан юм. Тэгвэл 2019 оны есдүгээр сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгуулсны 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны залуус, тэдний дотор 15-18 настай 17 хүн байгаагийн олонх нь 10-12 дугаар ангийн сурагч. Эдгээр тоон мэдээлэл цагаан тахлын аюул Монголд нүүрлэснийг илтгэнэ.
…Хар тамхины зарим хэргийн холбогдогч “Машинд маань цагдаагийнхан “мөс”-ний хэлтэрхий өөрсдөө тавьсан байх” хэмээн шүүхэд мэдүүлэх нь бий. Энэ нь үнэний ортой байх магадлалтай юм билээ…
Гэвч энэ аюулаас улс үндэстнээ аврах чиглэлээр хууль тогтоогчид дорвитой ажил хийхгүй, харин ч мансуурагчдыг өөгшүүлсэн хууль баталж, толгойг нь илэх бодлого барьсан. Ийнхүү хар тамхичдыг өөгшүүлэх бодлого баримталсныг манай сонин удаа дараа шүүмжилж, редакцын уулзалт хүртэл зохион байгуулж байсны дүнд өдгөө Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялыг чангатгаад зогсохгүй, хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байхаар төлөвлөж буй билээ. Тодруулбал, одоо мөрдөж буй Эрүүгийн хуульд хар тамхи улсын хилээр оруулж ирсэн бол 2-8 жилийн ял оноож байгаа. Үүнийг 8-15 жил болгохын зэрэгцээ зохион байгуулалттай бүлэг этгээд буюу нийлүүлэгч ашиг хонжоо олох зорилгоор оруулж ирсэн бол бүх насаар нь хорих ял оноохоор тусгасан юм.
Өдгөө мөрдөж буй хуулийн улмаас хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдсон олон хүн ямар нэг шалтгаанаар хариуцлагаас мултарч, түүнийхээ хэрээр олон мансуурагч төрүүлж байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Нэг жишээ энд дурдъя. “Шар” Энхээ гэх нэрээр нь анддаггүй Э.Энхбат өмнө нь нэг удаа энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлж, хоёр ч залуугийн хамт “аавынд” морилсон. Тэгвэл өнгөрсөн зун дахиад л мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн гэх үйлдэлд буруутгагдан цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж түүнтэй хамт байсан 3-4 залууг хөөж баривчилсан юм. Түүний “шавь” өмнө нь хоёр байсан бол энэ жил нэмэгдсэн нь эндээс харагдаж байгаа биз. Тэдэнд холбогдох хэргийг Хар тамхитай тэмцэх газрынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх шүүхэд шилжүүлсэн ч үл ялигхан шалтгийг шүүгч олж, прокурорт нь буцаасан юм. Өдгөө уг хэргийг нэмэлт ажиллагааг дуусгаад прокурор яллах дүгнэлтээ дахин бичиж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Өөр нэг жишээ эш татъя. Чингэлтэй, Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Үйлдвэр”, “Дурсамж” хэмээх шөнийн цэнгээний газарт Хар тамхитай тэмцэх газрынхан шалгалт хийж, 87 хүнд мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг тодруулах шинжилгээ хийхэд 24 нь хар тамхи татсан нь тогтоогдсон. 21-45 настай дээрх хүмүүсийн тав нь биедээ НҮБ-ын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан гашиш, каннабис, марк зэрэг хэд хэдэн төрлийн “бараа” борлуулах зорилгоор болон өөрсдөө хэрэглэхээр авч явсан нь илэрсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Ганцхан шөнө, хоёрхон цэнгээний газраас ийм олон хүн саатуулсны дотор улс төрд нөлөө бүхий хоёр хүний хөвгүүд байсан гэдэг. Харамсалтай нь, тэдэнд хариуцлага тооцсон, эсэх нь тодорхойгүй. Магадгүй тэднээс мансууруулах бодис илрээгүй ч байж болох.
Ийм олноороо баригдсан залуусын цаана маш олон мансуурагч байх магадлалтай гэж холбогдох байгууллагынхан үздэг. 2000-2010 оны цагдаагийн тоо бүртгэлийн мэдээллээс үзэхэд хар тамхитай холбоотой хэрэг нэг оронтой тоонд багтдаг байв. Тэгвэл сүүлийн 3-4 жилийн дотор гурван оронтой тоогоор хэмжигдэх боллоо. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн тоо геометр прогрессоор өсжээ. Манай залуусын ухамсар дорой, нэгэндээ уруу татагддаг байдлыг гадаад, дотоодын хар тамхины наймаачид овжноор ашиглан халаасаа зузаалж байна.
Нөгөөтээгүүр, ийнхүү гурван оронтой тоонд хүрсэн нь манай хууль сахиулагчид ажлаа сайн хийж байгаа мэт харагдуулахын тулд тоогоор хөөцөлдөж буйтай ч холбон үзэж болох юм. Хар тамхины зарим хэргийн холбогдогч “Машинд маань цагдаагийнхан “мөс”-ний хэлтэрхий өөрсдөө тавьсан байх” хэмээн шүүхэд мэдүүлэх нь бий. Энэ нь үнэний ортой байх магадлалтай юм билээ. Тэгэхээр тоогоор хөөцөлдөж хар тамхичдыг өөгшүүлж болзошгүй байгаа юм. Нэг мансуурагчийн ард 10 хүн байдаг, үүний нэгийг илрүүлэхэд цаана нь есөн хүн үлдэнэ. Есөн хүний цаадах 90 хүнээс хууль сахиулагчдын хараанд ес нь өртлөө гэхэд 81 хүн цаашаа дэлгэрүүлсээр байх боломжтой.
Ийнхүү өсөн нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл бол цахим орчин болж, хүүхэд, залуусыг дарангуйлж, уруу татан, энэ төрлийн бодисыг худалдвал амархан мөнгөтэй болох боломжтой хэмээн бэлэнчлэх сэтгэлгээтэй манайхныг удирдаж байна. Тиймээс мансуурагчидтай тэмцэхийн тулд тооноос чанарт шилжих шаардлагатай болжээ. Ингэхийн тулд шинжлэх ухааны дэвшил, хүн амын сэтгэл зүй, онцлогийг харгалзаж үзэх ёстой биз ээ. Иргэний нийгмийн байгууллага, судлаачид гээд бүх л салбарыг хамруулсан үндэсний хэмжээний бодлого боловсруулах ажлаа шуурхайлж, нэн даруй хэрэгжүүлэх нь зүй ёсны шаардлага. Хэр хурдан, оновчтой бодлого боловсруулснаар Монгол Улсын хүн амын аюулгүй байдал хамгаалагдах юм.
Тэгэхээр хар тамхины хэрэглэгч, борлуулагч, нийлүүлэгчдийг барьж хорих, түүний аюулыг хүүхэд залууст ойлгуулах ажлаа хийхийн зэрэгцээ хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдаж байдаг ухамсар, сэтгэхүйд нөлөөлөх шинэ арга ашиглавал үр дүнд хүрэх биз ээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа