Үндэсний статистикийн хорооноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар хийсэн бөгөөд мал тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулсан болохыг ҮСХ-ноос онцоллоо.
Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор
- Хонь 45.5 хувь
- Ямаа 41.2 хувь
- Үхэр 6.2 хувь
- Адуу 5.9 хувь
- Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ.
Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан байна. Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байгаа аж. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44 насны малчид, 22 хувийг 25-30 насны малчид, 25 хувийг 45-54 насны малчид эзэлжээ.
Эргэн сануулахад мал тооллогын 2018 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байсан билээ.
Мөн өнгөрсөн жилийн мал тооллогын дүнгээр, нийт 290 мянган малчны 68.4 хувь нь Эрүүл мэндийн даатгал, харин Нийгмийн даатгалд малчдын 26.2 хувь хамрагдсан байсан билээ.