С.Чинзориг : Төрийн албан хаагчийн цалинг нэмнэ, тэтгэврийн нэмэгдлийг хараахан шийдээгүй байна

Төрийн 170 гаруй мянган албан хаагчийн цалинг найман хувиар нэмэгдүүлэхээр болсон. Мөн төрийн үйлчилгээний ажилтнууд ажилласан жилээсээ хамаараад 5-25 хувийн цалингийн нэмэгдэл авна.
Дээр дурьдсан төрийн үйлчилгээний албан хаагч гэхээр зөвхөн багш, эмч нар гэж ойлгож болохгүй. Үүнд үйлчлэгч, слесарь, асрагч гээд өөр олон ажил мэргэжлийн хүмүүс төрийн албанд ажилласан хугацаанаасаа хамаарч цалингаа нэмүүлнэ.
Харин тэтгэврийн асуудлыг хараахан шийдээгүй байна. Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг шинэ он гарсны дараа Засгийн газрын хуралдаанаар оруулна. Тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс үү, хоёрдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэх үү гэдгийг шийднэ. Яамны хувьд сар шинийн баярын өмнө тэтгэвэр нэмэгдүүлдэг уламжлалаар хоёрдугаар сарын 1-нээс нэмье гэдэг байр суурьтай байна.
Мөн олон хүүхэдтэй ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх зорилгоор төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэх хууль хэрэгжиж эхэлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлээ.