Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр /2019.12.26/ 2019 оны ажлын тайлангаа танилцууллаа.
Тус банкны нийт актив 2019 оны 12 сарын байдлаар 4.2 их наяд хүрчээн. Банкны өөрийн хөрөнгө 1.1 их наядаар хэмжигдэж байна. 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хойш Хөгжлийн банк Зээлийн хяналт, зохион байгуулалтын хэлтсийг шинээр бий болгож, 22 зээлдэгчийг хамарсан 704 тэрбум төгрөгийн зөрчилтэй зээлүүд дээр ажилласан гэнэ.
Зээлийн хяналт, зохион байгуулалтын хэлтэс энэ хугацаанд 3.8 тэрбум төгрөгийг төлүүлж, 662 тэрбумыг зээлээд эргэн төлөлт хийгээгүй найман зээлдэгчийг прокурорын байгууллагад өгчээ. Мөн 353 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлийг өөрчилсөн бол чанаргүй 14 зээлдэгчийн 45.9 тэрбум төгрөгийн дүнтэй зээлийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болсон байна.
Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлүүдийг зарлаж, хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн. Энэ хэрэг ямар шатанд явж байгаа вэ?
-Эдгээр зээлдийн материалыг Прокурорын байгууллагад хүргүүлсэн байгаа. Капитал банк, “Монгол Драй Милк”, “Эрэл”, “Хөтөл”, “Кью Эс Си” компанийн таван том зээл бий. Нийт 530 тэрбумын үнийн дүнтэй, нийт муу зээлийн багцын ихэнхийг эзэлж байгаа.
-“Эрэл” компанийн муу зээлийг эргэн төлүүлэхийн тулд хамтарсан компани байгуулах хувилбар байна гэж ярьсан. Энэ ажил юу болсон бэ?
-Тэр хувилбарыг бид сайн судлаад, үнэлгээ хийж, хамтарсан ажлын хэсэг хүртэл гаргасан байсан. Гэвч эцэстээ бид дүнгийн хувьд тохироонд хүрч чадаагүй. Манай үнэлгээ, “Эрэл” компанийн хувьцаа эзэмшигчийн үнэлгээнээс зөрүүтэй байсан тул тохироонд хүрч чадаагүй. Тиймээс барьцаа хөрөнгөөр нь тэр зээлийг хангуулах бодлоготой байна.
-ТОСК төгрөгөөр орлого олдог мөртлөө валютаар зээл авсан байсан. Ийм алдаа дахиж давтагдсан уу. Ямар арга хэмжээ авсан бэ?
-Бид эрсдлийн бодлогодоо шинэчлэлт оруулаад, журам хэлэлцэж баталсан. Валютаар зээл авсан дотоодын компаниуд нэлээд эрсдэлд орохоор харагдаж байгаа. Тиймээс ханшийн эрсдлийг зээл олгохдоо тооцож байх ёстой гэх зохицуулалт оруулсан. Зээл болгон дээр өөр өөр арга хэмжээ авч ажиллаж байна.
-Ирэх оны хувьд бонд босгох уу. Өрийн менежмент тал дээр баримталж буй бодлогын тухайд?
-500 сая долларыг 2018 онд босгосон. 2019 онд шинээр бонд босгоогүй. 2020 онд төслийн бонд гэсэн чанартай санхүүжилтийг гаднаас татан төвлөрүүлэхээр ярилцаж байгаа. 2020 онд нийтдээ 320-350 тэрбумын шинэ эх үүсвэр татан төвлөрүүлэх төлөвлөгөө бий.
-“МАК”-ийн зээлийн талаар мэдээлэл өгөөч?
–“МАК”-ийн зээлийн 27 тэрбумыг төлүүлээд, үлдсэн зээл дээр нь шинэ график тохироод төлөвлөж байгаа.
-Цаашид санхүүжүүлэхээр хүлээгдэж буй төслүүд байгаа юу?
-Газрын тосны төсөл бол том жишээ. Ус, цахилгаан, дэд бүтцийг нь Монгол тал санхүүжүүлэх ёстой байсныг Хөгжлийн банк санхүүжүүлсэн. Цаашид энэ мэтийн санхүүжилтийг Хөгжлийн банк заавал хийх ёстой. Чиглэл нь эрчим хүч, дахин төлөвлөлт, зам тээвэр, өндөр хэмжээний цахилгаан дамжуулах шугам буюу Монгол Улсын экспорт болон аж үйлдвэрийг урт хугацаанд дэмжих төслүүд байх ёстой.
Мөн өмнөх оны алдааг давтахгүйн тулд 2020 оны ноолуурын хөтөлбөрөө өнгөрсөн есдүгээр сард зарлаад баталчихсан. Ямар ч байсан 2020 оны Цагаан сар өнгөрөхөөр олголтуудаа хийгээд, ноолуурын улирал эхлэхээс өмнө санхүүжилтийг нь олгож явахаар төлөвлөсөн.
Хөгжлийн банкнаас шууд гарах зээлийн хэмжээ 20 тэрбумаас дээш байх ёстой. Үүнээс доош болчихвол бид арилжааны банкуудаар дамжуулж, хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт олгоно. Зээлийн багцын асуудал зургаан сарын дотор шийдэгдэх ажил биш
-Шүүхийн шатанд шилжсэн 14 зээлүүд нь ямар төрлийн зээлүүд байгаа бол. Мөн та цаашид салбартаа ажиллах эсэх дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Нийт 11.4 тэрбум төгрөгийн зээлтэй 6 зээлдэгчийн шүүхийн шийдвэр гарсан. Ихэвчлэн “Алт-2” хөтөлбөрийн зээлүүд байгаа. Хоёрдугаарт, би ажиллаж эхлэхдээ гурван зорилт тавьсан бөгөөд зорилтдоо хүрсэн гэж бодож байна. Зургаан сар гэдэг богино хугацаа. Ямартай ч гол бодлого журам зэрэг тоглоомын дүрмийг илүү тодорхой болгож, олон улсын стандартад нийцүүлсэн. Засаглал тал дээр том ахиц гаргасан.
Зээлийн багцын асуудал зургаан сарын дотор шийдэгдэх ажил биш. Манай шүүхийн процесс ямар хурдтай явдгийг та бүхэн мэднэ. Энэ ажлыг бид дорвитой эхлүүлсэн, үргэлжлээд явна. 2020 онд том үр дүн гарна гэж бодож байна.
Миний хувьд зургаан сарын хугацаатай, гэрээгээр ажилласан. ТУЗ-өөс намайг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг удахгүй шийднэ. Би ямартай ч мэргэжлийн банкир хүний хувьд салбартаа ажиллана гэсэн бодолтой байгаа.
2 comments
Ийм л мэрэгжсэн хүмсийг зохих байранд нь ажилуулах хэрэгтэй.Элдэв улсаар солиж холиод байвал ахиц гарахгүй бохь байдагтаал хэвээр үлдэнэ.
Зөв бичээд дараа нь үзэл бодлоо илэрхийл. Чи бол сураад эс ойлгосон балинч. Ккккккк