Төвбанк болон “Эрдэнэс силвер ресурс” компани хооронд үнэт металл худалдах, худалдан авах гэрээг өчигдөр байгууллаа.
Тодруулбал, 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгөний агууламжтай бүтээгдэхүүнийг дээрх компани Монголбанканд 2024 оны арванхоёрдугаар сарын 25 хүртэл буюу таван жилийн хугацаанд нийлүүлэхээр болж, Салхитын ордоос олборлон, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаав.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Уг гэрээг байгуулснаар манай улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал алхам болох төдийгүй Үндэсний баялгийн сан байгуулах зорилтын эхлэлийг тавилаа” хэмээн онцлов.
Мөн “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаяр “Манай бизнес төлөвлөгөөний дагуу ирэх таван жилд нийт 750 тонн мөнгө олборлон, цэвэршүүлж тушаах боломжтой. 2020 онд 20-30 тонныг нийлүүлэхээр төлөвлөсөн” гэв.
Ташрамд дурдахад, “Эрдэнэс силвер ресурс” нь “Эрдэнэс Монгол” компанид харьяалагддаг бөгөөд ирэх оны зургадугаар сард алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлэх юм.