И-баримттай холбоотой олон асуулт иргэдийн дунд байдаг. Тэгвэл та бүхний асуултад хариулт болох болов уу гэсэн үүднээс дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Хувийн мэдээлэлээ шалгаарай: Энэ оны эцсийн байдлаар 13090 иргэний хувийн мэдээлэл дутуу, алдаатай байна. Хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан тохиолдолд таны 2019 оны НӨАТ-ын урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралд олгогдох юм.
Нууц дугаараа мартсан бол: Бүртгэлийн нууц дугаараа мартсан тохиолдолд 131313 гэсэн тусгай дугаарт (асуултын тэмдэг) илгээж, нууц дугаараа сэргээх боломжтой. Мөн www.ebarimt.mn цахим хуудасны хувь хүн хэсгээс нууц үг сэргээх сонголтыг хийх боломжтой.
Давхар бүртгэл: Давхардсан бүртгэлээ нэгтгээгүй тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт иргэн таны дансанд орохгүй гэдгийг анхааруулъя. Давхар бүртгэлтэй иргэдэд зориулан и-баримт портал сайтад “давхар бүртгэл нэгтэх” гэсэн цэсийг нэмж байршуулсан. Уг цэс рүү нэвтэрч давхар бүртгэлээ нэгтгэх боломжтой. Мөн butsaalt.ebarimt.mn сайтад давхар бүртгэлээ нэгтгэх зааварчилгааг байршуулсан байгаа.
ААН илгээгүй төлөв үүсдэг шалтгаанууд: Иргэн та и-баримтын сугалааныхаа дугаарыг буруу бүртгүүлбэл энэ төлөв рүү орчихдог. Тэр тохиолдолд баримтаа устгаад, сугалааныхаа дугаарыг үнэн зөвөөр бүртгүүлбэл засварлагдана. Мөн аж ахуй нэгж байгууллагууд 72 цагийн дотор борлуулалтынхаа мэдээллийг НӨАТ-ын урамшууллын системд мэдээлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ 72 цаг хэтэрчихвэл иргэд 1800-1288 тусгай дугаарт гомдол гаргах боломжтой. Гомдлын дагуу харьяа дүүргийн татварын хэлтсээс баримт олгосон аж ахуй нэгж дээр очиж татвар төлөгчийн баримт “ААН илгээгээгүй” байгаа шалтгааныг тодруулж, хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авдаг.
Үнийн дүн зөрүүтэй баримтыг хэрхэн засварлах: НӨАТ-ын урамшууллын системд үнийн дүн зөрүүтэй баримт бүртгэгдсэн байвал дахин давтагдашгүй 33 оронтой тоог талбар хэсэгт оруулж, баталгаажуулснаар засварлагдана. Үнийн дүн зөрүүтэй баримтыг устгах шаардлагагүй.
НӨАТ-ын урамшууллын өөрчлөлт: Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгаар НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгохоор болсон. Уг хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тэгэхээр иргэд 2020 оны НӨАТ-ын урамшууллаа улирал тутам авах нь ээ.
Зах, худалдааны төвийг сонгон үйлчлүүлсэн хэрэглэгчид И баримт авах: Мишээл худалдааны төвийн худалдаа эрхлэгчид иргэдэд пос машин ашиглан и-баримт хэвлэн өгч байгаа. Харин Хархорин, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдэд зарим худалдаа эрхлэгчид бас пос машин ашиглан л и-баримт олгож байна.
Б.ИРЭЭДҮЙ
2 comments
Нарантуул зах болон зарим худалдааны төвийн наймаачид ихэвчлэн и-баримтаа авъя гэхэд 2000-4000 төгрөг төл гэж илүү мөнгө нэхдэг жишээ нь Амгалан захаас вок, саван, ноолийн цаас аваад и-баримтаа авъя гэсэн чинь 3200 төгрөг өгвөл и-баримт өгнө наадах үнэ чинь НӨАТ ороогүй үнэ шүү гэж байсан Тийм юм гэж байдаг юм уу
Хүчит шонхор барс захынхан И баримт өгөргүй байна . Яаж авах вэ ?