БНХАУ ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн импортын 850 гаруй бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар боллоо гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тариф, татварын бодлогын хорооноос мэдэгдсэн байна.
Гаалийн татварыг бууруулах болсон нь импортыг нэмэгдүүлэх, гадаадаас ирэх бүтээгдэхүүний хэмжээг өсгөх зорилготой. Ингэснээр Хятадын хэрэглэгчдийн гадаадын бүтээгдэхүүнийг худалдан авах өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана гэж үзжээ.
БНХАУ-ын Сангийн яамны сайтад тэмдэглэснээр, гаалийн татварыг нь бууруулах бүтээгдэхүүний жагсаалтад хүнсний бүтээгдэхүүн, мөн олборлох салбар, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа агаарын тээвэрт хэрэглэдэг керосин, дизель түлш, хувцас, хивс, зураг болон тусгай тоног төхөөрөмж, зарим төрлийн трактор, цахилгаан үүсгүүр зэрэг орсон байна.
БНХАУ-ын Сангийн яам ирэх оны долоодугаар сарын 1-нээс харилцаа холбооны болон албан тасалгааны тоног төхөөрөмжид ногдуулах гаалийн татвараа бууруулна. Тэр ч байтугай ирэх онд бараа бүтээгдэхүүний харилцан хязгаарлалтаа цуцлахаар тохиролцоонд хүрсэн 23 улс, газар нутгаас ирэх бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулах болжээ.
Эдгээр улс газар нутгийн тоонд Австрали, Гүрж, Исланд, Коста-Рика, Шинэ Зеланд, Пакистан, Перу, Өмнөд Солонгос, Сингапур, Швейцар, Чили, мөн Ази-Номхон далайн бүсийн хэд хэдэн улс багтсан байна.
Монголын мэдээ