Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо энэ жил оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах “Алунгоо-2019” ёслолын арга хэмжээгээ “Архигүй баярын ширээ” уриатайгаар УДЭТ-т 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
“Алунгоо” шагналтнаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсийг дэмжин сурталчлах, охид, эмэгтэйчүүдэд улс төр, эдийн засаг, нийгмийн эрх тэгш боломж олгох, улмаар дэлхий даяар тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бодитой түлхэц болгох, тухайн асуудлуудыг нийгэмд таниулах зорилготой.
Ирэх 2020 онд МЭХ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар чиглэлээр нийгэмд тулгарсан хэд хэдэн асуудалд төвлөрч ажиллахын зэрэгцээ архи, архидалттай тэмцэхэд олон нийтийг уриалж, тууштай ажиллана гэж МЭХ-ны тэргүүн Б.Оюунгэрэл мэдэгдлээ.
2019 оны АЛАНГОО ЦОМЫН ЭЗЭД:
- Оны малчин эмэгтэй Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р багийн малчин Д.Оюунчимэг
- Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын оны эмэгтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тариаланч Ё.Саранцэцэг
- Боловсролын салбарын оны эмэгтэй Мандах их сургуулийн захирал Г.Нанжид
- Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй ХСҮТ-ийн сувилахуйн албаны арга зүйч П.Долгорсүрэн
- Шинжлэх ухаан, инновацийн салбарын оны эмэгтэй “Гэрэгэ” системийг санаачлагч, ICG группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал
- Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй МУСТА, жүжигчин Г.Ундармаа
- Спортын салбарын оны эмэгтэй ОУХМ, Дэлхийн цомын эзэн М.Анхцэцэг
- Иргэний нийгэм, хүмүүнлэгийн байгууллагын оны эмэгтэй Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвийн ерөнхий зохицуулагч, сэтгэл зүйч Б.Аззаяа
- Бизнес эрхлэгч оны эмэгтэй /худалдаа үйлчилгээ, нийтийн аж ахуй/ Монос Косметик ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Солонго
- Банк санхүүгийн салбарын оны эмэгтэй ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа
- Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан
- Хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарын оны эмэгтэй “Кэй Эйч Ти Эс” ХХК-ийн захирал, Авто замын мэргэшсэн инженер М.Цэцгээ
- Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй “Глори Кинг Инвесимент Групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Удвалцэцэг
Мөн тус арга хэмжээний үеэр ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл Монгол Улсын гавьяат жүжигчин балетчин Д.Алтанхуяг, битбокс урлагийг хөгжүүлж буй Рэй буюу Б.Нарандэлгэр, залуу дуучин С.Гантогоо нар Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Соёлыг түгээгч элч” болж буйг танилцуулж, батламж гардууллаа.
Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэр дуурайл үзүүлэх, манлайллыг бий болгох, МЭХ-ноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм байна.
“Алунгоо-2019” ёслолын арга хэмжээний төгсгөлд МЭХ-ны анхны даргаар ажиллаж байсан их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, намтраас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг зочиддоо толилууллаа.
Ийнхүү Монголын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах “Алунгоо-2019” ёслолын арга хэмжээг архи дарсгүй, тоглолт, жүжгийн цэнгүүнтэй зохион байгуулсанд ёслолд оролцсон эмэгтэйчүүд оюундаа хөрөнгө оруулсан, олон нийтэд зөв үлгэрлэсэн арга хэмжээ байлаа хэмээн талархан хүлээн авч байв.