Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани энэ оны гуравдугаар улиралд судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан Нийслэлийн 35 000, орон нутагт 12 000 гаруй иргэн орон сууц худалдан авах чадалтай, хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн ч Ипотекийн зээл хязгаартай учраас өнөөдрийг хүртэл байртай болж чадаагүй байна. Энэ шалтгаанаа хүртээмжгүй учраас гэж тайлбарласан байна.
Барилга, хот байгуулалтын яам сүүлийн 5 жилд 35 000-37 000 орон сууцыг зах зээлд нийлүүлсэн мөн ийм хэмжээний байр бэлэн болох гэж байгаа талаар мэдээлчихсэн. Орон сууцны эрэлт хэрэгцээ ийм хэмжээнд байхад Засгийн газар Ипотекийн зээлэнд хязгаарлалт хийсээр байгаа.
2019 онд 115 тэрбум төгрөгийг Ипотекийн зээлд зарцуулна гэсэн бол 2020 онд 65 орчим тэрбумыг гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ хөрөнгийг эцэслэн шийдээгүй байна.
Ипотекийн зээл эргэн төлөгдөх хамгийн найдвартай зээл бөгөөд банкуудыг алдагдалд оруулах нь маш бага. Хамгийн итгэл хүлээсэн зээл гэдгийг холбогдох байгууллагууд, банкуудын тайлан судалгаанаас харагдаж байгаа юм. Иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг өөрийн болгож авахын тулд зээлийг шуурхай төлөхийг хичээдэг, хэзээ ч алдагдал хүлээгээд хаяхыг боддоггүй.
2017 оноос зарим банк найман хувийн хүүтэй зээлийг олгохоо больсон, олгож буй нэг нь өөрсдийн харилцагч барилгын компаниудыг дэмжих, тэдгээрийн бүтээгдэхүүнд зээл олгох зарчмаар л ажиллаж байгаа тухай яриа иргэдийн дунд тархсан байна.
Монгол Улсын төв банкийг моргейжийн зээлийн хөтөлбөрөөс гарахыг Олон Улсын валютын сангаас гурван жилийн өмнөөс сануулсаар байсан юм. Гэвч алдагдал хүлээж, бэрхшээл үүссэн ч гүрийсээр өдийг хүрсэн. Харин 2020 оноос уг хөтөлбөрөөс гарч буйгаа бодлогын хувьд дэмжиж ажиллахаа мэдээлчихлээ. Хэдийгээр Монгол банк хөтөлбөрөөс гарсан ч гэсэн зээлийн эргэн төлөлтөөс хийх санхүүжилтийг арилжааны банкууд үргэлжлүүлэх боломжтой гэнэ.
Барилга, хот байгуулалтын яам ч 2020 онд 265 тэрбум төгрөгөөс багагүй санхүүжилтийг Засгийн газраас хийх санал гаргачихаад байна. Мөн ирэх гурван жилд 150 000 айлын орон сууцын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан, байрны дийлэнхийг иргэдэд түрээслүүлээд, өмчлүүлэх хэлбэрээр санал болгох юм байна. Түүнчлэн амины орон сууц барихад зориулан, энэ оны нэгдүгээр сараас зээл олгож эхэлснийг онцлов.
Инженерийн шугам сүлжээнд холбогдсон, хот төлөвлөлтийн бодлогод нийцсэн байршилд 120 ам метр хүртэлх талбайтай амины сууц барихад зориулж 60 хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор журамласан. Гэвч шаардлагыг хангасан иргэд цөөн байгаа аж. Одоогийн байдлаар л гэхэд 52 өрх амины орон сууц барих зээл авсан гэх статистик байгаа аж.
Энэ нь иргэд амины орон сууцыг том хэмжээтэйгээр барих, илүү их өртгөөр босгох сонирхолтой, хот төлөвлөлтийн бодлогод нийсэн байршил ховор байгаатай холбоотой гэнэ. Мөн банкууд эрсдэлээ тооцон, амины орон сууцад зориулсан зээл өгөхөөс зайлсхийж байна.
Сангийн яамны хувьд 2020 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд ямар бодлого барьж ажиллах талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна. Ямартай ч хөтөлбөрөөс төв банк гарсан, зээлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд тулгарах эрсдлээс үүдэн шинэ журам боловсруулсан бөгөөд Засгийн газарт өргөн мэдүүлэхээр зэхэж буй аж. Уг журамд БХБЯ, “Монголын ипотекийн корпорац” болон холбогдох байгууллагуудынх нь саналыг тусгажээ.
Н.БАТАА