Одоо бидний сүүлийн найдвар, ИТГЭЛ бас ИД ШИД
Энэ жил сүрхий оролцож чадсангүй. Учир нь барилгын ажил дундаас өндийх ч сөхөөгүй л явсаар …. Дүү нараа даган баясаж, хийсэн ажлыг нь шээр хийн, өвлийн өвгөний жолооч хийсэн шигээ л явав. Анзаарч л явлаа, ажиглаж л явлаа, нурж л явлаа. Ийм л байхдаа гээд хаалгыг нь татсан айлууд яг тийм л байлаа. Ингэж л хэлэх байхдаа гэж бодсон аав ээжүүд яг л тийм зүйл хэлж байв. Үндсэндээ 5 жилийн өмнөхөөс бараг юу ч өөрчилөгдөөгүй, зүгээр л гэр хорооллын айлын тоо нь ихэсчихсэн, хааш хаашаагаа хэдэн км тэлчихсэн төдий л байлаа. Энэ бол муу мэдээ юм. Тэр л хэмжээгээр сургууль цэцэрлэг улам хомсдож, цоожтой хаалганы цаадахь хүүхдүүд ихэссээр байгаагийн дохио мөн.
Хөрш айлууд олон байх аж, адилхан л өөрийн гэх газар байхгүй уулын бэл сэтлээд зай гаргаад буучихсан. Нэг айл нь зүгээр л бүх зүйлээ газар шидэлж, хог пиавны сав, үнс дотуур хувцаснууд газраар нэг, өвлийн өвгөнийг тоож байгаа ч юм алга их үдийн цагаар гэрийн эзэн хөнжлөө нөмрөн хэвтсээр … Хүүхдүүд нь зутруу, хэдэн сар угаагаагүй юм гэмээр ширэлдсэн толгойтой, үг хэл нь цаашаа, өөртөө итгэлгүй, инээж бас илэрхийлж үл чадна.
Харин нөгөө нэг айлд аав ээж нь ч байхгүй 2 хэвлүүхэн охин байх бөгөөд цэвэр цэмцгэр, нүдэндээ галтай, мэнд устай, цорын ганц шахуу ч унших номтой, нэг л тийм дулаахан. Яг харьцуулвал баян ядуугийн хувьд ямар ч ялгаагүй. Зүгээр л тэр хандлага, арчаа, амьдралын зөрүү юм … Ийм л байсан л даа. Ийм л байна … Юу өөрчилөгдөв ? Авдаг хүмүүсийн хандлага биш /Энд хэзээ ч хүүхдийг оролцуулж ярихгүй учир нь тэдэнд ямар ч буруу байхгүй/ харин өгдөг хүмүүсийн хандлага танигдахын аргагүй болтол өөрчилөгджээ.
Монгол хүмүүс өгөхийг, хуваалцахыг, хайрлахыг суралцаж түүнээ бусдад гайхуулах биш харин талархаж баярлаж хүлээж авдаг болсон байна. Пи-Ар биш үлгэр дууриал давалгаа гэж хардаг болжээ. Авсан хүмүүс нь гэхээсээ илүү өгсөн хүмүүс нь өөрчилөгдөж гэрэлтэж эхэлжээ. Одоо юу гэдгийн “Маамуу” гэхэд л 20.000 ширхэг сүү, жүүс өгчихөөд “Амжилт хүсье гэрэл түгэх болтугай” л гэж байх жишээний, юм ийм энгийн болж … Бүтээгдэхүүн маркетинг гээд л явбал явна шд, зүгээр л нийгмийн хариуцлага бас зангараг юм даа …
Бидэнд ч бас олон жил үнэнч, тууштай зүтгэсэн нүүр байна уу гэвэл байна аа. Зүгээр л хороон дээр хүн цуглуулад тараачихдаг шиг биш жалга гуу болгоноор сэтгэл дэвсэн явж хүрэх эзэнд нь хүргэдэг болохоор ийм том итгэл ирсэн ажээ. Энэ бичвэрийг энэ жилийн Ид шидийн уут 2019, 5 жилийн ойн “Базуур” багт зориулж бичсэн болно. Нисэх нь үү дээ ? гэмээр оргилуун хэдэн сайхан дүү нар минь бий. Нойр хоолгүй бүхнээ зориулсан том баг бий. Тэр бүх уутыг оёж, хандив цуглуулж, бүх зохион байгуулалтыг тэд хийсэн билээ. Лантуун дохион ТББ-н үндсэн гишүүд … 3 жил ирээгүй Gyalbaa Tse өвлийн өвөө өчигдөр надтай хамт бааз дээр очоод хэсэг харж сууснаа “Чирэгдэх нь ээ” гэсэн нь ерөөсөө тэр.
Хэтэрхий урт юм бичдэг гэж битгий зэмлээрэй. Өнөөдрөө мартахгүйн тулд би өөртөө бичих үе олон байдаг юм шүү. Төгсгөлд нь Говь нутгаас ирсэн нэг хандивыг огт мартаж чадахгүй нь. Миний мессеж хүсэлт ямар учир нь олдох биш. Нэг орой санаандгүй найз биш хүмүүсээс ирсэн шүүгдээд бас дахин шүүгдсэн нэг захиаг онгойлгов. Говь нутагт амьдардаг 10 жилийн жаахан охин ажээ. 1 жилийн өмнө ижий нь бурхан болж. Дүүтэйгээ хамт ээждээ буян хийхийг хүсэж мөрөөдсөөр манайхыг олж харжээ.
Үсний нэвдик гараараа урлаж бас мөнгө цуглуулжээ. Тэрийгээ явуулах аргаа мэдэхгүй над руу захидал илгээж замын унаанд дайж явуулж байгаагаа тосож авахыг хүссэн юм … Даруй холбогдон талархал юугаа илэрхийлэн ийм өөр мессеж байхыг үгүйсгэхгүй шүү дээ гэж бодон толгойгоо шаалаа. Бид хүлээж авсаан /Коммент хэсэг оруулах болно/ … Тэрнээс хойш байнга л бодогдоод болдоггүй. Ядаж л бичиж гаргамаар … Ээж тань тэнгэрээс охин хүү хоёроо хараад энэ насныхаа мөрөөдлийг биелүүллээ гээд жаргаж суугаа байх аа. Эрт оройгүй одох л хорвоод үр хүүхдээ ийм гайхалтай хүн болгож үлдээхээс илүү мөрөөдөл гэж байх гэж үү ? Хүн байхыг, бусдыг хайрлахыг бид балчир зүрхнүүдээс сурж, ойлгож хичээж явна даа.
Бусдын төлөө хийсэн бүхэн тань бүдэрч унах үед чинь түшиж засаж явах болтугай ! Та бүхэндээ маш их баярлалаа
Ч.Ганжавхлан
2019.12.21