Сүүлийн жил Улаанбаатар хотын утаа буурч зарим нэг хүмүүс ам сайтай байна. Статистик тоо баримтаас харахад 1м3 агаарт агуулагдах РМ2.5, РМ10 тоосонцорын хэмжээ буурсан боловч хүхэрлэг хийн (SO2) агууламж өмнөх жилүүдийн дунджаас 2-3 дахин ихэсчээ. Тэгвэл энэ удаагийн дугаараар хүхэрлэг хий (SO2) хүний эрүүл мэнд, тэр дундаа амьсгалын замд хэрхэн нөлөөлдөг талаар бэлтгэв.
Хүхэрлэг хий гэж юу вэ?
Хүхэрлэг хий бол агаарыг бохирдуулагч хий бөгөөд муухай эвгүй үнэртэй хийт нэгдэл юм. Та бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн мэддэг болсон байх. Яагаад гэвэл сүүлийн жил нийслэл хотын агаарт агуулагдах хэмжээ ихэссэн байгаа билээ. Уг хий нь хүхэр хэмээх элементийг агуулсан нүүрс, түлш, тос, газны шаталын үр дүнд ихэвчлэн үүсдэг.
Агаарын найрлаганд хүхэрлэг хийн (SO2) агуулагдах ёстой юу?
Агаарын бохирдолыг 1м3 агаарт агуулагдах PM2.5, PM10 зэрэг тоосонцроос гадна хэвийн нөхцөлд үл агуулагдах хийн хэмжээг үндэслэн тооцоолно. Өөрөөр хэлбэл агаарын найрлаганд агуулагдах хүхэрлэг хийн агууламжийг 1 м3 агаар хэдэн мкг хэмжигдэж буйгаар үнэлдэг. Бидний амьсгалж буй агаарын найрлаганд хүхэрлэг хийн агууламж 50мкг/м3-аас (1м3 агаарт 50мкг) бага байх ёстой хэмээн ДЭМБ тодорхойлсон байдаг.
Агаарын найрлаганд хүхэрлэг хий хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүхэрлэг хий бол химийн детергент нэгдэл буюу эд эсийг цочроох төрлийн хий юм. Ийм учраас хүхэрлэг хий ихээр агуулсан агаараар амьсгалахад хүний бие махбодын амьсгалын замд орших эд эсүүд цочирч хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Гэхдээ агаарын найрлагад агуулагдах хэмжээнээс хамаарч харилцан адилгүй нөлөөлөл үзүүлнэ. Судалгаагаар хүхэрлэг хий 1м3 агаарт 50мкг-аас бага агуулагдвал хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй хэмээн үздэг.
Харин агаарын найрлаганд хүхэрлэг хийн агууламж 500мкг/м3 дээш хэмжээтэй (1м3 агаар 500мкг-аас их) агуулагдвал амьсгалын замын намираа хучуур эдийн үйл ажиллагаа алдагдаж амьсгалын замд сөргөөр нөлөөлнө.
Уул нь намираа хучуур эд амьсгалын замд орших гадны тоосонцорыг тогтоон гадагшлуулах, шүүрэл ялгаруулж чийглэх, дархлаа урвалд оролцох зэрэг чухал үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Улмаар гадны бохирдуулагчийг цэвэрлэхээс гадна бактер, вирус халдварлах боломжийг бууруулсанаар амьсгалын эрхтэн тогтолцоог эрүүл байлгадаг.
Гэтэл хүхэрлэг хий намираа хучуур эдийг цочроосноор хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар амьсгалын замын хамгаалах тогтолцоо суларч гадны халдварт өртөмтгий болно. Үүний зэрэгцээ гуурсан хоолойн багтраа (астма) сэдрэх, гуурсан хоолойн архаг үрэсвэл даамжрах зэрэг сөрөг нөлөө үзүүлж эхлэнэ.
Харин агаарын найрлагад хүхэрлэг хий удаан хугацааны турш 250мкг/м3-аас дээш агуулагдвал энэхүү бүс нутагт оршин суух хүмүүсийн амсгалын зам халдварт өвчинд өртөмтгий, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг нэмэгддэг байна.
Агаарт агуулагдах хүхэрлэг хийн агууламж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд ихэсвэл яах вэ?
Агаарт агуулагдах хийн төрлийн химийн нэгдэл учраас энгийн маскаар хүхэрлэг хийг шүүх боломжгүй. Хүхэрлэг хийг ихээр ялгаруулах эх үүсвэрийг бууруулах, агаарын цэвэршүүлэх зэрэг боломжит арга хэмжээ авах шаардлагатай. Мөн хүхэрлэг хийн агууламж ихтэй агаарын бохирдол ихтэй бүс нутагт удаан хугацаагаар оршин суухгүй байх хэрэгтэй.
- Google podcast: shorturl.at/kDRZ6
- Apple podcast: https://apple.co/2PETmAJ
- Youtube channel: shorturl.at/MX245
Дээрх нийтлэлийг Harvard Health Publishing хуудаснаас түүвэрлэн бэлтгэв