“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтын өнөөдрийн зочин ийн яриагаа уриалсан юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг хүний эрхийн уулзалтын 2019 оны хамгийн сүүлийн арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 19-нд “Хог биш баялаг” сэдвээр зохион байгуулж, илтгэгч зочноор “Zero Waste Mongolia” ТББ, “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн”-ийг санаачлагч, үүсгэн байгуулагч, “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын анхны гишүүдийн нэг, сэтгүүлч М.Бүжинлхамыг урьж оролцууллаа.
Тэрбээр сүүлийн жилүүдэд хог хаягдлын менежментийн чиглэлээр ажиллаж, иргэд олон нийт, зорилтот бүлэгт сургалт, нөлөөллийн ажиллагааг тасралтгүй явуулж байгаа билээ. Өглөөний уулзалтын зочин маань “Сайн байцгаана уу? Намайг М.Бүжинлхам гэдэг. Сэтгүүлч, зохиолч бас ээж. 2008-2015 оны хооронд ТВ9, ETV телевизийн мэдээллийн албанд сэтгүүлчээр ажиллаж байлаа. Мэргэжил болон дуртай зүйлсээс минь илүүтэйгээр амьдралдаа хариуцлагатай байх ёстойг үргэлж сануулдаг хүмүүс бол хүүхдүүд минь байдаг. Тэднийхээ төлөө л өөрийгөө өөрчлөхийг хичээж байна. Учир нь хүн бол байгалийн нэг жижигхэн эд эс. Байгалиас бүрэн хамааралтай. Гэтэл хөгжил хурдсахын хэрээр хүмүүс байгалиасаа холдож, химийн бүтээгдэхүүнд донтож байгаа нь оршихуйн үндэс байгалиа мөхөөх хамгийн том эрсдэл болж байна. Тэр дундаа хөнгөн, хямдхан зэрэгт нь татагдаж пластикийг сонгож байгаа нь үр хүүхдүүддээ өөрийн гараар хор өгсөнтэй дүйнэ гэж боддог. Тийм л учраас сэтгүүлчийн өчүүхэн туршлагатаа тулгуурлан олон нийтэд “Хог хаягдлын менежмент”-ийн мэдээлэл түгээхээр хичээн ажиллаж байна” хэмээн өөрийгөө танилцуулан яриагаа эхэлсэн юм.
Монголчууд байгаль орчиндоо ээлтэй хэрэглээг эрхэмлэж, эд агуурсаас ангид минималист ахуй соёлыг эртнээс баримталж ирсэн байдаг ч орчин цагт хэт их хэрэглээ буюу маркетингийн нөлөөнд автсан нь эргэж харахуйц, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудал болоод байна. Учир нь манай улс хогийг баялаг болгох, дахин боловсруулах, ашиглах талаар сайжруулах, бодлогын түвшинд шийдвэрлэх асуудал болжээ. Тухайлбал Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нийт хогийн хэмжээ 1200 ам метр талбайг бүрхэж, энэ нь Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг ороод ирэх дайны, гэхдээ шоо дөрвөлжин ам метрээр хэмжигдэх том болж өсч, хөрс, агаарыг бохирдуулж байгаа гэв.
Бидний өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэгддэг сүү, цагаан идээ, маханд хогноос үүдэлтэй өөрчлөлтүүд ажиглагдах болсон нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байж болзошгүй. Учир нь үхэр хог иддэг, хогон дээр “хооллож” байгаатай алхам тутамд тааралдаж байна. Гялгар уутны хэрэглээг хязгаарлах нөлөөллийн ажиллагааг гэр бүл дотроо хүн бүр хийх боломжтой. Хогны сав руу хогийг шиддэг биш, ангилж тушааж мөнгө болгох боломжтой. Байгальд хаясан хог хүн төрөлхтнийг 7-8 үеэр нь хордуулдаг тул хогоо ангилж ялгаад дуудлагын үйлчилгээнд өгөх, эсвэл цэгүүдэд тушаах, хогийн саванд шидэхдээ “дахин боловсруулах” гэсэн тодотголтой бичээд ялгаад хийж хэвшвэл бодит буяны ажил болох тухай ч илтгэгч М.Бүжинлхам ярьж байлаа. Учир нь таны тарьсан хог хогийн саванд ороод дахин ашиглагдах боломжгүйгээр шууд байгальд хаягдаж, түүгээр нь таны үр хүүхэд амьсгалж, амьдарч байна. Хогоо багасгахыг хүсвэл өөрийн хэрэглээгээ эргэж харах, худалдан авалтаа тооцоолж сурах нь чухал ажээ. Худалдан авч буй хэрэгцээт зүйлийн сав баглаа боодол нь байгальд бүрэн шингэх эсэх, олон дахин, урт удаан ашиглах боломжтой, үгүйг харгалзах хэвших хэрэгтэй гэв. Хуванцар савтай цэвэр усанд ч өөрчлөлт орсон байдаг тул өөрөө аль эрт хэрэглэхээ больсон тухайгаа жишээ татаж ярив. Мөн гялгар уут шатаах нь агаарт хүнд металл дэгдэхэд хүргэж, улмаар хорт хавдар үүсгэх аюултайг сануулж байлаа.
Энэ удаагийн уулзалт бүхэлдээ сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхүйц сургамжтай, бүх мэдээлэл нь бодит жишээ тохиолдлууд, баримттай тул өдөр тутмын амьдрал хэрэгжүүлэх сургалт байсан гэхэд болно. “20-30 жилийн дараа Монгол Улс үнэхээр эрүүл саруул, хоггүй, байгаль орчиндоо ээлтэй улс орон больё гэж бодож байвал одооноос эздийг нь бэлтгэх ёстой. Хүүхдэд хогны талаар ойлгуулсан ганц ч ном үнэндээ Монголд байдаггүй юм билээ. Тийм болохоор “Хоггүй Монгол” ТББ-аас санаачлан “Хогны мангас” гэдэг номыг гаргасан, ерөнхий боловсролын сургуулиудад сургалт явуулж байна” гэсэн юм. Эрүүл, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл Та https://www.ecobujin.com/ хаягаар нэвтэрч болох юм.
ХЭҮК