Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр олон хүнийг хамарсан арга хэмжээнд хоол үйлдвэрлэл, хоол хүргэлтийн үйлчилгээг ихээр ашигладаг. Катерингийн үйлчилгээтэй холбоотой болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас нийслэлд катерингийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өмнөх жилүүдэд энэ үйлчилгээтэй холбоотойгоор хордлого, халдвар гарч байсан бөгөөд хууль, дүрэм журам, стандартын мөрдөлтийг сайжруулан дотоод хяналтыг тогтмол хийж, хоол хүнсний чанар аюулгүй байдалд анхаарахыг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат энэ үеэр аж ахуйн нэгжүүдэд сануулав.
Уулзалт, хэлэлцүүлгээр түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, дотоод хяналт, эрүүл ахуйн шаардлага, нөхцөлийн талаар мэдээлэл, арга зүйгээр хангаж зөвлөлдлөө. Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ дараах зөвлөмжүүдийг анхаарч, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.
1. Хоол үйлдвэрлэлийн газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад нийцсэн байх;
2. Хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдох нөхцөл гаргахгүй нэг чигийн байхаар ажлын байрыг зохион байгуулах;
3. Хүнс, түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх;
4. Хоол үйлдвэрлэл эрхлэгч нь эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг өөрийн үйл ажиллагааны бүх үе шатанд хэрэгжүүлж ажиллах;
5. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй ус нь “Ундны ус MNS 0900:2018” стандартын шаардлагыг хангасан байх;
6. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг баталгаатай эх үүсвэрээс гарал үүсэл тодорхой, шинжилгээнд хамрагдсан баталгаажуулалтын баримт бичгийг дагалдуулан худалдан авах, шаардлагатай бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулах;
7. Хоолыг гүйцэд боловсруулах, халуун боловсруулалтыг +95-аас 1000С хэмээс дээш хэмд боловсруулах, хоолны нэр төрөл тус бүрт технологийн карт боловсруулан хянаж баталгаажуулж мөрдөх;
8. Хоол, хүнсний хадгалах горимыг мөрдөх, урьдчилан бэлтгэж хөргөөсөн хоолыг-40С өөс, гүн хөлдөөсөн хүнсний түүхий эдийг -180С –ээс доош хэмд хадгалах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалдаг хөргөх болон хоол халуун байлгах төхөөрөмжийн температур, хоолны хадгалах хугацааг тогтмол хянаж бүртгэл хөтлөх;
9. Урьдчилан бэлтгэсэн хоолыг маш богино хугацаанд хамгийн ихдээ 2 цагийн дотор -100С хэм хүртэл хөргөж үүний дараа хөргөх, гүн хөлдөөх төхөөрөмжид хийн хадгалах, халуунаар шууд хөргөх, хөлдөөх төхөөрөмжид хийхийг хориглох, эхэлж орсоныг эхэлж гаргах зарчмыг хатуу баримтлах;
10.Хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэх, боловсруулсан хоолыг зөөвөрлөх нөхцөлд зориулалтын температур баригч бүхий сав, чингэлэгт савлах, ачилтын болон хүлээн авах, хэрэглэгчид олгох үеийн хэмийг хянаж хоол тус бүрт бүртгэл хөтлөх;
11. Хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол нь Монгол Улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байх;
12. Гадна талбайд болон тусгайлан бэлтгэсэн газарт хоолыг зөөвөрлөн үйлчлэх үед зориулалтын халуун барих, битүүмжлэл бүхий таглаатай сав, төхөөрөмж, хүнсний зориулалтын тэмдэг, тэмдэглэгээтэй нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ ашиглах;
13. Хоол, хүнс зөөвөрлөх сав, тээврийн хэрэгслийг угааж, халдваргүйжүүлсэн тухай бүртгэлийг хөтөлж, хэвших;
14. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эд зүйлстэй биечлэн харьцдаг, тээвэрлэдэг, үйлчилдэг ажиллагсадыг харъяа дүүргийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 6 сар тутам хамруулж, эрүүлжилтийг тооцон, өдөр тутам хувийн ариун цэврийн бүртгэлийг бүрэн хөтөлж ажиллах;
15. Хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар, зөвшөөрөгдсөн бодисоор улирал тутам хийлгэж, бүртгэл хөтлөх;
16. Нэг удаад бэлтгэсэн хоол, хүнснээс 150 гр-аас доошгүй хэмжээгээр дээж авч +4-өөс +8 хэмд 48-72 цаг хадгалан устгал хийсэн тухай бүртгэлийг тогтмол хөтөлж хэвших;
17. Хоол үйлдвэрлэлийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг байгууллагын удирдлагаараа батлуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;
18. Байгууллага нь 50-с дээш ажилтантай бол орон тооны эрүүл ахуйч, 50-с доош бол зөвлөх эрүүл ахуйч ажиллуулах;
19. Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу байгууллагын дотоод хяналтын журмыг баталж, ахлах тогооч, менежер зэрэг мэргэжлийн хүнд албажуулан хариуцуулж тогтмол хяналт тавих, илэрсэн зөрчил, эрсдэлийг тухай бүр арилгуулж тайлан гаргаж ажиллах.