УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 43 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан байдаг байна.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-т “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” хэмээн заасан бөгөөд энэ дагуу дээрх төслүүдийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн.
Иймд Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргаж, санал хураав. Гишүүд 54.5 хувийн саналаар дэмжсэн.
Дараа нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс