Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хууль бус олборлолттой тэмцэх зорилгоор дөрөв дэх удаагийн агаарын тандалтыг Сэлэнгэ аймагт өнөөдөр хийж байгаа юм байна. Хяналтын багт БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон Засгийн газар, хэвлэл мэдээллийн төлөөлөл багтжээ.
Ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын зургийг агаараас авч, баримтжуулж байгаа бөгөөд хууль, хүчний байгууллагууд координатаар нь бүртгэлжүүлж байгаа аж. Мөн хяналтын бүрэлдэхүүнд байгаа Засгийн газрын төлөөллүүд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, тулгараад буй асуудлуудыг сонсож байна гэж ikon.mn сайт мэдээлэв.
Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бичил уурхай нэрийн дор хууль бусаар алт олборлож, үндсэн талбайн координатаас давж олборлолт явуулж байгаа болон нөхөн сэргээлт хийхгүй байгаа зэрэг зөрчил байгаа. Ийм компаниудыг координатаар нь хууль хяналтын байгуулагад шалгуулахаар өгсөн. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд шинэчлэл гарсан” хэмээн мэдэгджээ.
Мөн Н.Цэрэнбат маргааш хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаан дээр нөхцөл байдлыг талаар мэдээлэл өгч, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай Засгийн газрын 151-р тогтоолыг өөрчлөх саналаа танилцуулах гэнэ.
Өнгөрсөн наймдугаар сарын 21-нд Уул уурхайн 19 ААН-ийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл цаашид ч уул уурхайн салбарт хууль зөрчин ажиллаж, хууль бус олборлолт хийж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж буй явдалтай тэмцэх бөгөөд үүний тулд төрийн байгууллагууд, орон нутаг илүү уялдаатай, нягт ажиллана гэдгийг нэмж ярилаа.
“БОАЖЯ-наас өнгөрсөн арваннэгдүгээр сард уул уурхайн компаниуд болон бусад салбарын байгаль орчны менежментийг батлах журмыг баталжээ. Уг журмыг дагаж мөрдөх тухай даалгаврыг маргаашаас бүх ААН-д албан ёсоор хүргүүлнэ. Цаг үетэйгээ нийцсэн, чангарсан журам мөрдөгдөж эхэлж байгаа. Цаашид хяналт, шалгалт тогтмолжино. Иймд хууль бус үйл ажиллагаанд санаатай бөгөөд санамсаргүй орсон иргэдэд сануулах хэрэгтэй” хэмээн Н.Цэрэнбат онцоллоо.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2019 оны байдлаар ашигт малтмалын хайгуулын 39, ашиглалтын 149 гээд 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа аж. Энэ нь аймгийн 13 сумын 105,790.85 га талбайг хамардаг байна. 2016-2019 онд хууль, дүрэм журмын дагуу ашиглалтын 25 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа бол 121 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь лиценз эзэмших л үүрэг бүхий аж ахуйн нэгжүүд байгаа аж.
Өөрөөр хэлбэл, лиценз эзэмшигч хэрнээ газрын төлбөрөө өгдөггүй, бүр зөвшөөрөлтэйгөө талбайгаа түрээслүүлж, өөр компаниуд оруулж ирэх зэрэг зөрчил хүндрэл гарч байгааг хамтран шийдэх шаардлагатай байгааг орон нутгийн удирдлагууд ярьж байгаа аж.
1 comment
J.erdenebat ,Orgil nariig shalga