УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр (/2019.12.17) “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, 2019 оны эхний 11 сарын статистик мэдээллийг танилцууллаа.
Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамж эхний арваннэгдүгээр сарын байдлаар 2.4 их наяд төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн арваннэгдүгээр сарын эхний байдлаар дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11.7 хувь буюу 1.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан гэнэ.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний арванэгдүгээр сарын гүйцэтгэлээр 11.6 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 781.7 сая ам. доллар буюу зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байна. Экспортын бүтээгдэхүүний хэмжээ 7.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 974.8 сая ам.доллар буюу 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийн талаар дурдахад 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын 2805 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа гэлээ. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариулт өглөө.
“Эрдэнэс Таван толгой” компанийн IPO: IPO гаргах асуудал нэлээд хугацаанд яригдаж, төрийн үйл ажиллагааны процесс үе шаттай явсан. Хувийн компани гэхээсээ илүүтэй төрийн өмчит улсын үйлдвэрийн газар шилэн болгох, нээлттэй болгох, засаглал сайтай болгох тал руу явж байна. Анхны юм гэдэг тэр болгон санаснаар байдаггүй юм байна. Бид нэлээн өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн IPO хууль, техникийн зөвлөхөө сонгосон. Олон улсын бирж дээр хувьцаа гаргахын тулд нэгдүгээрт хүссэн хэмжээний хөрөнгө мөнгөө босгох ажил бий.
Хувьцааны ногдол ашиг тараах: Энэ асуудал УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр яригдсан. Өнөөдөр бид 26 мянган төгрөг өгөх үү. Тодорхой хугацааны дараа төмөр замаа тавиад аж үйлдвэрээ бариад нэмүү өртөг шингээсэн, үйл ажиллагаа цар хүрээгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн үнэлгээгээ тогтоосон ийм болчхоод тэндээсээ арав дахин хэмжээнд ногдол ашиг хуваарилах уу гэдэгт Засгийн газрын бодлого явж байна. Ногдол ашгийг хуваарилах эсэх асуудлыг компанийн хуулиар ТУЗ-д асуудлаа шийдээд явсан. Ногдол ашгийг хэдийд хуваарилах уу гэдэг нь тактикийн асуудал. Хийсэн ажилтайгаа уяж ногдол ашгийг хуваарилах ёстой. Улсын эдийн засаг өсч байгаа хэдий ч ямар нөхцөлд байгааг ойлгох ёстой.
Оюутолгой төсөл: Оюутолгойд 14000 чадварлаг мэргэшсэн Монгол залуус ажиллаж байна. Энэ нь Монголын уул уурхайн хүний нөөцөд чухал хөрөнгө оруулалт юм. 1380 метрийн гүнд 45 метрийн өндөртэй том хонгилд дэлхийд байхгүй том жижиг бутлуурын цехийг залуучууд байгуулсан. Энэ бутлуурын цех далд уурхайгаас орж ирж байгаа хүдрийг баяжуулах үйлдвэр рүү оруулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Улсад 2.7 тэрбум ам. долларыг татвар хураамжаар төлсөн байдаг. Энэ нь валютын нөөцийг бүрдүүлж төгрөгийг тогтвортой байлгадаг.
Монгол Улсын эдийн засагт Оюутолгойн эзлэх байр суурь их. Оюутолгойд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдээд үе шаттайгаар явж байна. Хөрөнгө оруулагчид УИХ-аас гаргасан шийдвэрт нааштай байр суурьтай байна лээ. Энэ нь бусад салбарт алтны болон жоншны салбар, нүүрсний салбарт эхнээсээ хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. УИХ-ын 92 дугаар тогтоолд тодорхой заасан. Хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлээд далд уурхайн бүтээн байгуулалт Дубайн гэрээний хэрэгжилтийг сайжруулах тал дээр шуурхай ажиллаж байна.
Сайжруулсан түлшний нөөц: Сайжруулсан түлшний түүхий эд дуусахгүй. Хангалттай байгаа. Түлшний үйлдвэрлэл үргэлжилнэ. Харин ч үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярих хэрэгтэй байх.
Хариуцлагатай уул уурхай: Уул уурхайн компаниудад технологийн горим алдах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй гээд олон шалтгааны улмаас осол гарах нөхцөл бүрдэж байгаа. ААН-үүдийн зүгээс үүн дээр хяналтаа сайжруулах ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх ёстой. Удаа дараа осол гарсан “Эко алтан заамар” компанид хатуу арга хэмжээ авах асуудлыг сайдын Зөвлөлийн хурал дээр ярьсан. Энэ арга хэмжээг ойрын хугацаанд авахаар болсон гэлээ.