БНН-ын дарга Буянгийн Жаргалсайханы зурагтай Б.Жаргалсайхан пэйж хуудсанд өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн тендертэй холбоотой нэгэн байр суурь нийтлэгдлээ. Тус пэйж хуудсанд ” ЭРДЭНЭТИЙН УДИРДЛАГУУД АРАВ ХОНОГТ 100 ГАРУЙ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ… Эрдэнэт үйлдвэр 12-р сарын дундуур 100 гаруй тендер зарлалаа. Хүмүүсийн анхаарал суларсан, баярын уур амьсгал орчихсон үед ийм олон сонгон шалгаруулалтыг бөөндөнө гэнэ. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. “Үхэр дотор гиваа” гэдэг шиг 100 тэрбумын хэд хэдэн тендерийг энэ олон жижиг тендерийн адил хугацаатайгаар талбай руу гаргалаа. Зарим нэг компаниуд жижиг мэрэгч төдийнхөөр хооллоод аварга “динозавр” олж харахгүй.
Тэр том амьтад аль хэдийнэ хятад компаниудын овоо хараанд өртөж Эрдэнэтийн боссуудтай үнээ тохирсон болов уу. Тийм учраас дааганы зайд аварга амьтан ичиж зоволгүйгээр уралдуулж байна. 100 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн бичиг баримтыг ажлын 10 гаруй хоногт амжуулдаг аж ахуйн нэгж дэлхий дээр хүртэл ховор. Харин өөрийн нөхцөл, техникийн үндэслэлээ олон сарын өмнө тохирсон, тохируулсан хятад компаниуд бичиг баримтаа цүнхнээсээ гаргаад өгнө л дөө.
Эрдэнэт үйлдвэрийн өмнөх удирдлагууд хууль бус авлигаар олсон мөнгөө оффшорт бүст байршуулсан гэдгийг АТГ тогтоосон байна. Хэдэн тэрбумаар яригдаж байгаа авлигалын мөнгөө шууд худалдан авалт, сонгон шалгаруулалтаар олсон гэдгээ мэдүүлжээ. Энэ Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд “Сахил хүртээд шал дордов” гэгчээр хятад компани дэмждэг өглөгийн эзэн болж хувирчээ. Ядахдаа Монгол компани, монгол иргэн гэдэг ойлголт энд огт хамаагүй юм билээ…” хэмээн бичсэн байна.
Н.БАТАА