Х.Нямбаатар: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байх үед Х.Нямбаатар гишүүн хар тамхитай холбоотой хэрэгт бүх насаар нь хорих ял оноож буй талаар дараах мэдээллийг хийсэн юм.
Тэрбээр ” Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис түүнийг хууль бусаар олж авах, ашиглах, тээвэрлэх, цаашлаад зохион байгуулалттай гэмт бүлэг энэ хэргийг үйлдсэн тохиолдолд ялыг хүндрүүлэхээр энэ удаагийн өөрчлөлтөөр орж ирж байна. Бүх насаар нь хорих ялтай.
Хууль хэрэглээний практикт нэг төвөгтэй ойлголт байсан. Энэ нь юу вэ гэвэл хэрэглэсэн хүмүүсийн зүйлчлэлийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нэлээн хүндрэлтэй, төвөгтэй байсан юм.
Үүний шийдлийг гаргаж хууль бусаар олж авах гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болж байна. Тээвэрлэсэн болон худалдан борлуулсан, цаашлаад зохион байгуулалттай гэмт бүлэглэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын худалдаа үйлдвэрлэл эрхэлсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл орж ирж байгаа” гэв.
Х.Нямбаатар: Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно pic.twitter.com/X0OyoQzgpn
— Г.Золзаяа (@ZolzayaGanbold) December 13, 2019