УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав.
Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулсан.
Улмаар 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгож өөрчилжээ. Хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг зургаан улс гишүүнээр нэгдээд байгаа аж. Одоогийн байдлаар, хэлэлцээрт оролцогч улс орнууд нийт дөрвөн удаагийн тарифын хэлэлцээгээр 10 мянга гаруй бараа, бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна.
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Иймээс уг хэлэлцээрт нэгдсэнээр гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд гарахад дунджаар 40 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж буй юм.
Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэх нь чухал алхам гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэж, улмаар 63.2 хувийн саналаар батлав.