УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн асуудлаар яллагдагчаар татсан нь үнэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэвлэлийн хурлаараа мэдэгдлээ. Н.Номтойбаярын “Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд хаягласан хүсэлт олон нийтэд ил болсноор хэвлэлүүд энэ асуудал янз бүрийн байр сууринаас мэдээлэл түгээж эхэлсэн юм.
Тэгвэл эрхэм гишүүн өнөөдөр төрийн ордноос энэхүү асуудалд тайлбар хийсэн юм. Тэрбээр “2019 оны 5 сараас хойш 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаягнаас 400-500 удаа миний нэрийг цохож “дайрсан”. Би хүн амины хэрэгт шалгагдсан зүйл байхгүй. Арга бараад прокурор Мөнхгэрэлтэй албан уулзалт хийж, асуусан. “Миний бие наад хэрэгтэй чинь холбоотой шалгагдаж байгаа зүйл байна уу” гэж. Байхгүй гэсэн. Гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Надтай хаана таарсан юу ярьсан бүгдийг ярьсан. Г.Батхүү агсны хэрэгт би болоод өөр хэн нэгэн хүн шалгагдаагүй.
Намайг гэрчийн мэдүүлэг гурван удаа өгөхдөө эхний хоёр дээр нь худал мэдүүлэг өгсөн гэсэн. Зориудаар худал мэдүүлэг өгсөн гээд байгаа юм. Танай өрөөнд орсон, танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэж мэдүүлсэн гэж байгаа. Архи уугаагүй гэдгийг 6-р сарын 18-ны гэрчийн мэдүүлэгт тодорхой хэлсэн. Архи уусан байсан, уугаагүй байсныг би яаж мэдэх юм бэ. Миний өрөөнд байсан архийг авч явсан тэгвэл шинжлээд л тогтоогдоно” гэсэн юм.
Мөн сэтгүүлчдэд энэ асуудлаар намайг шалгаж байгаа гэх хүмүүсээс өөрсдөө тодруулах хэрэгтэй хэмээн утасны дугаарыг нь өгсөн юм.
Мөн цааш нь ярихдаа “Энэ мэдээллийг хууль хяналтын байгууллага нь шалгаад юу тогтоосноо мэдээллэх ёстой. Санаатайгаар чимээгүй байгаа. Шүүх эмнэлгийн тогтоол бий. Би харсан “Тархины цус харвалттай” гэж гарсан. Бүх зүйл тодорхой байхад ХМХ-ээр намайг энэ хэрэгт наагаад, холбоод байгаа юм.
Энэ асуудал дээр цэг тавь. Анх сонсоод бүгд хөөрцөглөөд адал явдалтай кино үзэж байгаам шиг надруу бүгд дайрахаа зогсоох хэрэгтэй.
Дахин хэлье. Хүн нас барсантай холбоотойгоор би шалгагдаагүй. Харин худал мэдүүлэг өгсөн гэх асуудлаар намайг яллагдагчаар татсан нь үнэн. Гэхдээ би худал мэдүүлэг өгөөгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэлээ.
Н.БАТАА