Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгав.
- “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
- Академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал” олгохоор шийдвэрлэв. Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрөв.
- 2020 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд алба хаагчдаа оролцуулна. Монгол цэргүүд нэр бүхий долоон улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.
- Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр болов. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилов.