УИХ-ын өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилах асуудлаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцлаа.
Иргэд, төрийн бус байгууллагаас тус байнгын хороонд хандан 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд хуваарилах эсэх асуудлаар мэдээлэл өгөх, холбогдох байгууллагуудаас тайлбар авахыг хүссэн байна. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөллүүдийг оролцууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржүүдээр арилжаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.
Өнөөгийн байдлаар уг компани 12 тэрум хувьцаа эзэмшиж байгаа. Төрийн эзэмшилд 9.7 тэрбум, иргэдэд 2.2 тэрбум, үндэсий аж ахуйн нэгжүүдэд долоон сая ширхэг хувьцаа тус тус эзэмшиж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нь 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 13.6 сая тонн нүүрс олборлож, 12.4 сая тн-ыг борлуулж, үүнээс 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна” гэлээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны зарим гишүүн асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Иргэдийн гар дээр байгаа хувьцаа 14.5 хувийг нь эзэлж байгаа юм байна. Үүнд ногдол ногдол ашгийг иргэдэд яагаад өгөхгүй байгаа юм бэ.
1,072 хувьцаагаар хөрөнгө оруулалт хийх эрх зүйн үндэслэл байхгүй. Харин төрийн эзэмшлийн үлдсэн 85 хувь бол нээлттэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Эрдэнэс тавантолгой” өнөөдөр есдөх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2016 он хүртэл гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалсан өр төлбөртэй байсан. 2016 онд 32.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэлсэн. 2017 онд 490 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гурван жилийн хугацаанд гадаад, дотоод бүр өр төлбөрөө барагдуулж дуусгасан.
Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлага бүх хувьцаа эзэмшигчдийн эрхийг адил түвшинд авч үзэх ёстой. Тиймээс ч бид эрхийнхээ дагуу тухайн жилд гарсан ашгаас ямар хэмжээний ногдол ашиг олгох боломжтой вэ гэдэг тооцоог заавал хийдэг. Энэ дагуу 2018 онд тооцоо хийгээд Монгол Улсын Засгийн газар болон төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулсан.
Ингэхэд Засгийн газраас Тавантолгойн ордын хөгжилд анхаарах ёстой. Ядаж төмөр замын асуудлаа шийдэх хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу бид Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэл зэрэг бусад хөтөлбөрүүддээ энэ удаагийн ногдол ашгаа тараах шийдвэрийг манай ТУЗ-өөс гаргасан.
Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчмэг: Танайх нэгж хувьцаандаа хэдэн төгрөг хуваарилах шийдвэр гаргасан бэ. 14.5 хувь буюу 2.5 сая иргэнд өгөх хувьцааны ногдол ашгийг яагаад өгөхгүй байгаа юм бэ. Засгийн газрын шийдвэрийг байнгын хорооны гишүүд үгүйсгээгүй. Гэхдээ иргэдийн хувьцааны ногдол ашигт нийт хэдэн төгрөг ногдож байгаа вэ гэдэгт хариулт өгөөч.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 14.5 хувийн 2.5 сая иргэн эзэмшдэг. Төр 85 хувийг, ААН-үүд 0.5 хувийг эзэмшдэг.
Ингээд 2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгаас тооцоо хийгээд 55.4 тэрбум төгрөгийг иргэдийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Тухайн үед ногдол ашгийг олго гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн. Үүний дагуу бид судалгаа явуулсан. Ингэхэд 2,511,000 иргэнээс 700 гаруй мянга нь бүртгэлд хамрагдаагүй байсан.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Энд иргэдийн бүртгэлтэй байна уу бүртгэлгүй байна уу хамаагүй. Тэр 55.4 тэрбум төгрөгөө яагаад олгоогүй юм бэ гэдгийг асуугаад байна л даа. Нэгж хувьцааны үнэ нь хэд юм. Түүгээр тооцоод иргэдэд ногдол ашиг олгох ёстой. Яагаад энэ үүргээ биелүүлэхгүй байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Компанийн 2018 оны цэвэр ашиг 750 тэрбум төгрөгийг төмөр зам руу санхүүжилт хийх шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан. Иргэдээс цахим хэлбэрээр санал авсан. Иргэдээс ногдол ашгаа бүтээн байгуулалтад хийгээд илүү үр ашиг авах нь зүйтэй гэсэн хандлагатай байсан.
Компанийн нэгж хувьцаа 25 төгрөг. 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 27 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцоо гарч байсан.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 85 хувийг төр эзэмшиж байна. Ард түмний болон ААН-үүдийн эзэмшиж байгаа нь 15 хувь л юм байна. Энэ компани 2019 онд 1.1 их наяд төгрөгийн татварын дараах олготой ажиллаж байна. Үүнээс ч илүү ашиг олох боломжтой.
Тиймээс ард түмний болон ААН-үүдийн эзэмшиж байгаа 15-хан хувийн ногдол ашгийг олгох ёстой. Хүний мөнгийг авч үйл ажиллагаандаа хэрэглэчихээд буцааж өгөхгүй байгаатай адил шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалал төлөөлөл байна уу. Мөн ногдол ашгийг нөхөн олгох боломж бий юу.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Компанийн ТУЗ-өөс цэвэр ашгийн 300 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилах шийдвэр гаргасан ч төслийн бусад хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага гарсан учраас ТУЗ шийдвэрээ өөрчилсөн.
Манай компанийн ТУЗ 11 гишүүнтэй. Үүнээс хараат бус дөрвөн гишүүнтэй. Эдгээр хүмүүс жижиг буюу бусад хувьцаа эзэмшигчдийг төлөөлж ажилладаг.
2018 оны ногдол ашиг болох 55.4 тэрбум төгрөг төмөр замд бүрэн зарцуулагдсан. Үүнийг иргэдэд нөхөж өгөхгүй. Ийнхүү 1,072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах асуудлаар Өргөдлийн байнгын хорооны гишүүд холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. УУХҮЯ болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өгсөн мэдээлэлд үндэслэн тус байнгын хорооноос иргэд болон ААН-үүдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг судлах үүрэг өглөө.
Гэвч 2019 оны ногдол ашиг хуваарилах асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ шийдэх юм байна.