Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн алба дахь шинэтгэлийн үйл явц улс орон даяар үе шаттайгаар өрнөж байгаа билээ.
Энэхүү ажлын нэг хэсэг болох “Төрийн албаны нэгдсэн сургалт” өнөөдөр Дотоод хэргийн их сургууль дээр эхэллээ. Сургалтыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй, төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс хамтран зохион байгуулж байна. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат нар оролцож үг хэлэв.
Төрийн албаны зөвлөлийн дарга сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хувийн хэвшил хүнээ бэлдээд, чадварлаг боловсон хүчнийг татаж байхад төрийн алба хүн ирж ажиллахыг хүлээгээд сууж таарахгүй. Өсөн дэвжих төрийн үйлийг өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс залгуулах учиртай.
Тиймээс, дэлхийн улс орнуудад хувийн хэвшлийн хэрэгжүүлж ирсэн арга барилуудын нэг болох head hunting буюу мэргэжлийн топ экспертүүдийг байгууллагадаа урин ажиллуулдаг туршлагыг Мерит зарчмын хүрээнд төрийн албанд нэвтрүүлэх хэрэгтэй. head hunting буюу “толгой ангуулчлах” утгачилбал оюуны өндөр чадамжтай хүний хүний сэтгэлгээг төрийн албанд ашиглах тухай асуудал юм. Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлж бодит ажил хэрэг болгох зөв ажлын эхлэлийг тавьж байна. Чадахуйн зарчмын мөн чанар ийм юм.
Эстони улс үндсэндээ дижитал орон болж, төрийн үйлчилгээ блокчэйн технологид суурилан 24 цаг 7 хоног тасралтгүй системд шилжиж чаджээ. Төрийн бүх үйлчилгээ өдөр шөнө, амралт баяр ёслолын өдрүүдээс үл хамааран онлайнаар явагдаж байна. Аргентин энэ оны эхний өдрөөс цаасгүй Засгийн газартай болж, технологийг авлигатай тэмцэх гол түншээ болгож байна.
Хятадад “нийгмийн оноо”-ны системийг туршиж эхэлжээ. Архи их авдаг, уудаг, гарцгүй газраар гардаг, гудамжинд зүй бус авирладаг хүнийг царайгаар нь таниад хиймэл оюун ухааны оролцоотойгоор зээлжих зэрэглэлийг нь бууруулж, нийгмийн хариуцлага хүлээлгэж байна.
“Сөрөг үйл явдлыг сөрөн зогсож болдог, харин цаг нь ирсэн үзэл санааг зогсоох боломжгүй” гэсэн ухаантны үг бий. Иргэд, олон нийтийн дунд төрийн албаны шинэчлэлтийг хийх хүлээлт өндөр давтамжтай, шударга ёсны хүсэмжлэл их байна. Бэлтгэгдэж чадсан хүн бэрхшээл, сорилыг хохирол багатай даван туулна.
Мэдлэгтэй, ур чадвартай, мэдээлэл боловсруулж чаддаг эрдэм илүү төрийн албан хаагч үүнийг хийж чадна.Ирэх жилийг төрийн албан хаагчдын хувьд тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх жил болгоно” хэмээн онцолсон юм.
Гурван өдрийн турш үргэлжлэх уг сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлаг дарга нар, нийслэл, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, салбар зөвлөлгүй байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн гээд нийт 300 гаруй төлөөлөгч хамрагдаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс