Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь ардчилсан хэвлэл мэдээллийн тулгуур зарчмуудын нэг билээ. Монгол Улс хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагатай болсноос хойш тав дахь жилээ угтаж байна.
2015 оны эхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд, эзэд, эрхлэн гаргагчид, сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагууд, эвсэл холбоод хоорондын хамтын ажиллагааны үр дүнд Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд ХМЗ чамгүй олон (326) өргөдөл гомдол хүлээн авч, зөвлөмж гаргахын зэрэгцээ сэтгүүл зүйн салбарын үндсэн тоглогчдын нэг тоглогч болж, сэтгүүл зүйн ёс зүйн асуудлаар дагнан дуу хоолойгоо илэрхийлсээр байна.
Үүний нэг тод илрэл нь жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Сэтгүүл зүйн ёс зүйн форум (Journalism Ethics Forum – JEF) юм. Хэвлэл мэдээллийн салбарынхны хүсэн хүлээдэг форум болон төлөвшсөн уг форумыг Фридрих-Эбертийн Сан анхнаас нь дэмжин ажиллаж, энэ жил гурав дахь удаагаа хамтдаа амжилттай зохион байгууллаа.
Сэтгүүл зүйн ёс зүйн форумын зорилго нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцуудад Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг түгээн сурталчилхад оршдог. Монголын сэтгүүлчид ХМЗ-өөс тунхаглан зарласан 10 бүлэг, 24 заалт бүхий Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хүлээн зөвшөөрч дагаж мөрдөхөө илэрхийлсээр байна Ёс зүйн зарчмуудыг линкээр орж үзнэ үү. Түүнээс гадна тухайн жилдээ сэтгүүл зүйн салбарт хурцаар тавигдаж буй асуудлын гарц шийдлийг хайх, сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон дүгнэдэг уламжлалтай.
Сэтгүүл зүйн ёс зүйн форумд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эзэд, удирдлагууд, эвсэл холбоодын төлөөлөл, орон нутгийн сэтгүүлчид, сэтгүүл зүйн их дээд сургуулийн багш, шилдэг оюутнууд, сошиал медиа активистүүд, иргэний нийгэм болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын төлөөлөл гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр жилдээ 150-160 хүн оролцдог. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 450-500 хүн уг форумд оролцож, гурван үндсэн сэдвээр судалгаанд суурилсан илтгэлүүд хэлэлцүүлж, олон улсын туршлагаас хуваалцаж, зургаан үндсэн сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлгүүд хийсэн байна. Мөн форум бүрээс редакцууд, сэтгүүлчдэд хандсан зөвлөмж, уриалгыг гаргадаг уламжлал тогтоод байна.
Сэтгүүл зүйн ёс зүйн гурван удаагийн форумыг дараах сэдвүүдийн хүрээнд хийж, тодорхой үр дүнд хүрээд байна.
2017 онд “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба эрх зүйн зохицуулалт”
2018 онд “Дижитал эрин үеийн мэргэжлийн сэтгүүл зүй”
2019 онд “Хэвлэлийн эрх чөлөө ба дижитал хувьсал”
Жил бүрийн форумын сэдэв сонголт, зорилго, хүлээгдэж буй үр дүн ялгаатай тул тус бүрийнх нь онцлог үр дүнг доор тоймлон хүргэж байна.
JEF 2017 Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба эрх зүйн зохицуулалт
2017 оны форум хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй нийгэмд таниулах, хүлээн зөвшөөрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Учир нь ХМЗ үүсгэн байгуулагдаад удаагүй цаг үед болсон тул хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэж юу болох, ямар үр өгөөжийг авчирдаг, юугаараа давуу талтай зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. ХМЗ-өөс өөрийн туршлага, хүрсэн амжилт, үр дүнгийнхээ талаар олон нийтэд анх удаа өргөн хүрээнд танилцуулсан юм.
JEF 2018 Дижитал эрин үеийн мэргэжлийн сэтгүүл зүй
2018 оны форумд хэвлэл мэдээллийн редакц, олон улсын эксперт, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох 160 орчим хүн оролцож, дижитал эрин үеийн мэргэжлийн сэтгүүл зүй, сошиал медиагийн үр нөлөөний талаар хэлэлцсэн юм.
Цахим орчинд “олон нийт” бий болж, мэргэжлийн сэтгүүлчийн бэлтгэсэн контент болон цахим сүлжээний хэрэглэгчдийн нийгмийн сүлжээгээр түгээж байгаа мэдээллийн зааг ялгаа бүдгэрч байна. Түүнчлэн цахим орчинд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хилийг зөрчих явдал хэрээс хэтэрч, үүнийг зохицуулсан редакцийн дүрэм журам хомс байгааг форумын үеэр онцолсон. ФЭС болон ХМЗ-өөс хамтран хийсэн “Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг” агуулгын судалгаа нь үзэн ядалтын үг хэллэг уншигчийн коммэнт хэсгээс гадна сэтгүүлчийн бэлтгэсэн агуулгад цөөнгүй хувийг эзэлж буйг харуулсан нь анхаарал татсан.
Энэ цаг үед сэтгүүл зүйн салбарынхны ёс зүйн дүрэмгүй нийгмийн сүлжээнийхнээс ялгарах гол онцлог нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг ягштал мөрдөх явдал бөгөөд үүгээрээ нийгмийн сүлжээнд ч үлгэрлэн манлайлж, сошиалд “хоёр нүүр” гаргахгүй байхыг форумаас сэтгүүлчдэд уриалсан.
Энэхүү уриалгаас улбаалан ХМЗ-өөс Гомдол хүлээн авах барагдуулах журамдаа нэмэлт өөрчлөлт оруулж, хэвлэл мэдээллийн албан ёсны фэйсбүүк пэйж, юүтүб аккаунтад хаягласан өргөдөл гомдлыг хүлээн авч эхэлсэн.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад Сошиал медиатай хэрхэн харилцах талаар редакцдаа дагаж мөрдөх журамтай болохыг уриалж, Редакцийн бодлогод жишиг болохуйц баримт бичгийг боловсруулж эхэллээ.
Одоогоор GoGo.mn, iKon.mn зэргээс гадна Улс төрч агентлаг, Медиа Групп цахим орчинтой харилцах редакцийн дотоод журамтай болсоноо албан ёсоор танилцуулаад байна.
JEF 2019 Хэвлэлийн эрх чөлөө ба дижитал хувьсал
Энэ жил форумаар дитижал эрин үед хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мөн чанар, үнэт зүйлийг хадгалан үлдэхэд чиглэсэн сэдвийг сонгон авсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар ид яригдаж, хуулийн төслийн үзэл баримтлал хэлэлцэгдэж буй энэ цагт Ёс зүйн форум бодлогын шийдлийн энэ чухал сэдвийг тойроогүй.
Иймд УИХ, ХЗДХЯ болон салбарын мэргэжлийн байгууллагууд, нийслэл болон орон нутгийн сэтгүүлчдийн өргөн төлөөлөлтэйгээр Хэвлэлийн эрх чөлөө ба дижитал хувьслын талаар хэлэлцүүлгүүд өрнөсөн.
Аливаа эрхийн хэрэгжилтийг дижитал орчинд нэгэн адил хэрэгжүүлэхэд талуудын үүрэг оролцоо ямар байх вэ? Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага дижитал эрин үед эрхээ хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэхэд юунд анхаарвал зохихыг форумын үеэр мөн хэлэлцсэн юм.