Дэлхийд оршин суугчдынхаа урт наслалтаар алдаршсан хэд хэдэн газар бий. Японы Окинавагийн зуун настнууд “Үхэшгүй мөнхийн газрын газрынхан” гэсэн хочийг зүүсэн бол Италийн “Мөнхийн тосгон” Камподимеле тосгоны урт наслагч иргэд Газар дундын тэнгисийн хоолны дэглэмээрээ алдартай.
Мөн Калифорниа мужийн Лома Линда хотынхон цэвэр агааын үр шимийг хүртэж, урт насалсан байдаг. Үүн шиг дэлхийн бөмбөрцөг дээр иргэд нь ер бусын урт насалдаг нэг булан бий. Тэнд дэлхийн цорын ганц Урт наслагчдын музей байх агаад энэ музей Азербайжаны өмнөд нутагт оршиж байна. Өмнөд Кавказын энэ улсын Лерик, Карабак, Жангамиран зэрэг хэд хэдэн тосгоны иргэд зуун зууны туршид урт наслан, эрүүл амьдарч байгаа нь тайлагдагдашгүй оньсого мэт.
Урт наслагчдын музей
1991 онд баригдаж, 2010 онд шинэчлэгдсэн хоёр өрөө бүхий Урт наслагчдын музей Азербайжаны Лерик тосгонд бий. Энд тус бүс нутгийн хамгийн эртний оршин суугчдын амьдрал, дурсамжийг баримтжуулсан 2000 гаруй үзмэрийг хадгалдаг байна.
Үзмэрүүд нь хувцас индүү, гэр ахуйн эд зүйл гэх мэтээс бүрдэх бөгөөд эд өлгийн зүйлүүд хувь хүний амьдралын хугацааг бүрэн харуулдагаараа онцлогтой аж. Нас, наснаас үл хамаарах тод өнгөтэй эмэгтэйчүүдийн алчуур, цамц, мөнгөн даруулга, аяга, сайхан сүлжмэл оймс, гараар хийсэн хивс өнгө зүсээ алдаагүй хэвээр хадгалагдаж байдаг.
Үзмэрүүдийн тайлбар Азербайжан, Орос хэд дээр бичигдсэн байх бөгөөд хуучин эд өлгийн зүйлсийн тайлбар бичээсний бэх бага зэрэг бүдгэрсэн ч музейн хананд өлгөөтэй зуун зууны гэрч болох үе үеийн хүмүүсийн хөрөг зураг зорин ирэгсдийн анхаарлыг хамгийн их анхаарал татдаг аж.
Францын гэрэл зурагчин Фредерик Лачоп 1930-аад оны үед авсан гэрэл зургаасаа хандивлаж байжээ. Азербайжаны албан ёсны статистик мэдээллээс харахад музей “зуун зууны түүх”-ийг өгүүлдэг. Энэ нь музей 90-ээс дээш насны хүмүүсийн амьдралын гэрч гэсэн үг юм.
1991 онд Лерик тосгон 63000 хүн амтай байсан бөгөөд 100-аас дээш насны 200 гаруй хүн бүртгэгдэж байсан гэнэ. Тэр цагаас хойш 100-аас дээш наслагчдын тоо цөөрсөн бөгөөд орон нутгийн иргэд хүмүүсийн нас богиноссонд харилцаа холбооны хөгжил, өргөн хүрээтэй байршсан технологийн цамхагууд, цацрагийн нөлөө буруутай хэмээн үздэг гэнэ. Одоогийн байдлаар тус хот 83,800 хүн ам оршин сууж буй бөгөөд 100-аас дээш насны 11 хүн амьдардаг аж.
168 настай эрийн домог
Лерикийн хамгийн өндөр настай иргэнийг Ражи Ибрахимова гэдэг. Тэр 105 настай аж. Энэ хотын гол билэг тэмдэг 168 насалсан хоньчин Ширали Муслумовын бараг хоёр зууны түүхтэй харьцуулахад Ибрахимова харьцангуй залуу. Хоньчин Муслумовын хуучирч ноорсон шар паспорт дээр түүнийг 1805 онд төрсөн гэж тэмдэглэсэн байх ба булшны чулуун дээр 1973 онд таалал төгссөн гэж бичсэн байдаг аж.
Хэрэв энэ үнэн бол хоньчин эр хамгийн удаан амьдарсан дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тооцогдох юм. Харамсалтай нь 19-р зууны эхэн үед түүний төрсөн нутаг Барзаву гэх алслагдсан тосгонд төрөлтийг бүртгэх үзэгдэл байгаагүйгээс Ширали Муслумовыг хэзээ, хэдэн онд төрсөн тухай баталгаатай тэмдэглэл байдаггүй аж.
Гэхдээ түүний төрсөн өдрүүдээр дэлхийн өнцөг булан бүрээс илгээж байсан олон тооны захидлууд Ширали Муслумовыг үнэхээрийн хүндэтгэхээс аргагүй урт насалсан гэдэгт эргэлзэх хэрэггүйг гэрчилдэг байна.
Тооны хувьд дэлхийн хамгийн өндөр настнаар нэрлэгдэхүйц энэ хүний оныг хамгийн багадаа 20 жилийн алдаатайгаар тооцсон байж болохыг шинжээчид хэлдэг байна. Учир нь Муслумовтой холбогдож байсан дэлхийн алдарнуудын дунд Вьетнамын коммунист удирдагч Хо Ши Мин байжээ.
Хо Ши Мин Муслумовт “Эрхэм хүндэт өвөө” гэсэн мэндчилгээ бүхий захидал илгээж байсан удаатай гэнэ.
Ийм урт насалсан тохиолдол тэдний гэр бүл, удамд мөн хадгалагджээ. Түүний удмын 95 настай охин Халима Камбарова CNN агентлагт хэлэхдээ “Өвгөд шигээ яг 168 насалдаггүй юм гэхэд 150 эсвэл 130 наслах байх гэж найддаг” хэмээн ярьжээ.
Удмаасаа, эцгээсээ өвөлсөн хоёр давхар даруухан байшинд амьдардаг 95 настай Халима Камбарова ЮНЕСКО-гийн устан үгүй болж байгаа ангилалд багтаасан уулын тосгоны төрөлх хэлээрээ ярьдаг байна. Энэ хэлээр өнөөдөр ердөө 200 мянган хүн ярьдаг аж. Төрсөн сар, өдрийг тэмдэглээгүй зөвхөн он тэмдэглэсэн паспортаа гарган харуулж, түүн дээр нь 1924 он хэмээн бичиглэсэн байх 95 настай энэ эмэгтэй хошин шогийн мэдрэмжтэй гэнэ.
Урт наслалтын нууцыг сонирхсон гадаадынхан Лерик тосгон руу нэлээн очдог. Тэдэнд хэл, хөл залгуулдаг хөтөч, тайлбарлагчид “Уулын энэ тосгоны иргэдийн урт наслалтын нэг нууц нь оюун санааны тогтвортой байдал” хэмээн тайлбарладаг гэнэ. Стрессээс хол байж, амьдралын тухай үзэлд философи байдлаар хандаж, ирээдүйн талаар хэтэрхий их төлөвлөж, санаа зоволгүй амьдардаг. Бас сайн хоол тэжээл, байгалийн гаралтай эмчилгээ ч урт наслахын гол түлхүүр гэж үздэг байна.
95 настай Камбаровагийн өдөр өглөө үүр цайхаас эхэлдэг гэнэ. Тэр өөртөө их унтахыг зөвшөөрдөггүй аж. “Би нүдээ нээгдмэгцээ орноосоо өндийдөг” гэж хэлсэн Камбарова өдөржингөө цэцэрлэгт эсвэл байшингийн эргэн тойронд ажиллаж, өрөө жижигхэн, өтгөн зөөлөн хивс, шал гэхгүй бүгдийг цэвэрлэдэг. Бас нуруугаа амраах хамгийн шилдэг арга бол гудас, нимгэн хөнжилтэй газар унтах гэж үздэг байна.
Лерик тосгоныхон хэдэн зууны турш махаар хоол хийж ирсэн боловч Камбарова махнаас татгалздаг. Үүний оронд шинэхэн сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос хэрэглэж, тараг уухыг илүүд үздэг байна. Мөн уулын төрөл бүрийн өвс ургамал ч сайн гэнэ.
Урт наслахын нууц бол сайн хоол тэжээл, хаврын усан дахь эрдэс бодис, цайнд нэмдэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс эм уух шаардлагагүй. Зөвхөн байгалийн гаралтай эмийг хэрэглэхэд болно гэж тэр хэлжээ. Тиймдээ ч Камбарова хэзээ ч эм ууж үзээгүй байна.
Хөрш тосгоны 103 настай Мамедхан Аббасов
Лерик тосгонтой ойлолцоо Жангамиран тосгон гэж бий. Нам гүм энэ тосгоны хүмүүсийн өдөр бүр хийдэг ажлын нэг нь биеийн тамирын дасгал. Нар мандахаас нар жаргах хүртэл тэд байшингийн дэргэдэх цэцэрлэг, талбайд ажиллаж, эмэгтэйчүүд нь юм оёж, нэхэж гэр бүлдээ анхаарал тавьдаг.
Тосгоны хамгийн өндөр настай иргэн бол 103 настай Мамедхан Аббасов. Цонхны дэргэд дэвссэн хивсэн дээр суух 105 настан хүн харах чадваргүй ч хүүгийнхээ “зочид ирлээ” гэсэн үгийг сонсоод залбирал үйлдэж, сайн сайхныг хүсдэг байна. Энэ бол түүний хийдэг ажил.
Аббасовын хараа долоон жилийн өмнө муудах хүртэл тэр газар тариалан эрхэлдэг тосгоны завгүй ажилтны нэг байжээ. Аббасов урт наслалтандаа ядарч туйлдаагүй, бие махбодын эрч хүч хангалттай нэгэн.
Тариалангийн бүтээгдэхүүнээс тэжээллэгээ авч байсан нь урт наслалтад хувь нэмэр оруулсан төдийгүй эрдэс бодисоор баялаг байгалийн хүйтэн устай рашаан ус ууж байгаа нь түүний урт наслах гол нууцын нэг гэж тэр үздэг гэнэ.
Уулсын өндөр хүний тархи, мэдрэлийн өвчнийг намдаах гол хүчин зүйл болж өгсөн байхыг үгүйсгэхгүй. Испанийн Эрүүл мэндийн их сургууль 2017 онд хийсэн судалгаагаараа өндөрлөгт амьдрах нь хүнийг зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин өвчний эрсдлээс бууруулдаг болохыг тогтоож байжээ. Денверийн их сургууль мөн 2011 онд хийсэн судалгаагаар өндөр уулын, “тэнгэр”-ийн оршин суугчид урт насалдаг болохыг тогтоож байв.
Энд тэмдэглэгдсэн 100, 100 насалсан хүмүүсийн заримынх нь нас маргаантай байж болох ч Лерик тосгоныхны уламжлал, урт наслалтын нууцыг хадгалсан хүмүүс бие махбодийн үйл ажиллагаа нь сайн, хоол тэжээл, байгалаас эрдэс баялаг авч энгийн амьдарч байгаа нь анхаарал татахгүй байна гэж үү.
Эх сурвалж: BBC