Авлига: Нэр нөлөө бүхий хүмүүс хэвлэл мэдээллийг ашиглан олон нийтэд хилсээр шалгагдаж байгаа гэх худал мэдээг өгдөг

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулж “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвээр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр /2019.12.09/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас зохион байгууллаа.  Уг зөвлөгөөнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатарын хэлсэн үгнээс толилуулж байна:  Хууль тогтоох байгууллагын баталсан ялын хэт хөнгөн бодлого, Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хийдэлтэй зохицуулалт гэмт этгээдүүдэд давуу байдал олгож байна. Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг. 2016 онд дэвшин болон шинээр томилогдсон 1750 албан тушаалтныг шалгахад дандаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд, тэдний нөлөөллөөр томилогдсон хүмүүс. Эндээс хүнээс хамааралтай нөхцөл байдлаас үүдэн авлига буурахгүй байна.

Дэлхий нийтээр авлигатай тэмцээд авлигын хөрөнгийг буцаан авах асуудал нэн тэргүүнд яригдаж байна. Монгол Улсын хувьд дээрх асуудалд тодорхой амжилт гаргаагүй учраас дэлхий нийт биднийг буруушааж ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д бүртгэгдлээ. Эндээс бид гарахын тулд эрх зүйн орчноо боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай.

НПГ-ын хяналтын прокурор Р.Батнасан: Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, дураараа аашлах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэх мэт авлигын 11 төрлийн гэмт хэргийг хуульчилсан.

2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар албан тушаалын гэмт хэргийн шинжтэй нийт 371 гомдол мэдээллийг хүлээн авсан. Үүнээс 195 буюу 52.5 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 149 буюу 49.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 27 буюу 7.2 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн 586, мөрдөн байцаалтын 145 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн, 22 хэргийг хэрэгсэхгүй болгож, 310 хэргийг хуульд заасан үндэслэлээр хааж шийдвэрлэн нийт хэргийн 50.3 хувийг шийдвэрлэсэн гэв.

Мөн тэрээр нийгэмд нэр нөлөө бүхий хүмүүсийн хэргийг шийдвэрлэх явцад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хуулийн байгууллага улс төрийн зорилгоор хилсээр шалгаж байгаа мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж, ард иргэд хууль хяналтын байгууллагад хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтны ашиг сонирхлын үүднээс буруугүй хүнийг буруутан болгож ял шийтгэл оногдуулах мэтээр буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь хуульд заасан албаны чиг үүргээ хийж яваа сэтгүүлчид хуульд зааснаар албан үүргээ чөлөөтэй явуулах нь сөргөөр нөлөөлж байна.

Хэдийгээр энэ асуудал нь хэвлэлийн эрх чөлөөний асуудал боловч авлигатай тэмцэхэд дээрх асуудлыг анхаарахгүй бол болохгүй юм. Нөгөө талаас гэмт хэрэг болох боломжгүй юмыг гэмт хэрэг мэтээр нийтэд мэдээлж, түүний үр дүнг өөрийнхөө төсөөллөөр шаардаж АТГ, прокурор шүүхийн байгууллагыг буруутгах хандлага нийгэмд ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зарим ажилтнууд, улстөрчдийн дунд түгээмэл байна гэсэн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн