УИХ-д Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн даргаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж ажиллахаар болсон байна.
Ажлын хэсэг 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нам бүрээс төлөөлөл багтжээ. Ажлын хэсэг сонгуулийн тухай хуулийг энэ сарын 19-20 ны хооронд УИХ-д оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна.
Хуулийн төсөлд УИХ болон аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг тус тусад нь зохион байгуулах бөгөөд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог хуулинд тусгажээ. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох,
Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэх хувилбар тусгасан байгаа.
Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 1-р сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулжээ.
Түүнчлэн, сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийтдээ 410 гаруй санал ирүүлснээс 320 гаруй саналыг нь гурван хуульд тусгасан. Мөн Засгийн газраас ирүүлсэн 10 саналаас 9-ийг нь төсөлд тусгаад байгаа юм.