Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Беларус улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Анатолий Хотко нар хоёр улсын хамтарсан сүүний үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зуржээ.
Монгол Улсын Засгийн газар өдөрт 100 тонн хүртэл сүү үйлдвэрлэх хүчин чадал сүүний үйлдвэр барих төлөвлөгөө боловсруулсан гэдгийг Беларусын Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээлэлд дурдсан байна.
Сүүний үйлдвэрийн ерөнхий гүйцэтгэгчээр “Белстрой Центр” компани шалгарсан бол үйлдвэрийн тоног төхөөрөмж болон ерөнхий загварыг Беларусын судалгааны хоёр ч хүрээлэн гүйцэтгэж, ханган нийлүүлэгчээр “Гомел Агро Комплект” компани ажиллахаар боллоо.
Уг төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Беларусын талаас Хүнс, хөдөө аж ахуйн яам болон “Гомел Агро Комплект” компани багтсан ажээ.