“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 тоот тушаалаар батламжилсан билээ.
Энэхүү журмыг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 06-ны өдөр зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох хөрөнгө оруулалтын менежментийн болон үнэт цаасны компаниудад зориулсан танилцуулга, сургалтыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас зохион байгууллаа.
“Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам” хэрэгжиж эхэлснээр, хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжих, татан төвлөрүүлсэн хөрөнгийг нэгж эрх эзэмшигчдийн өмнөөс мэргэжлийн удирдлагаар хангаж, хөрөнгийн зах зээлд тодорхой хувийг оруулах, улмаар дотоодын зах зээлд нэн шаардагдаж буй урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болох боломж нээгдэж буй онцгой ач холбогдолтой юм.
Сургалтаар хамтын хаалттай сангийн талаар үндсэн ойлголт, олон улсын практик туршлагаас хуваалцсанаас гадна сан үүсгэн байгуулж СЗХ болон МХБ-д бүртгүүлэх эрх зүйн нөхцөл байдал, бүртгэлтэй байх хугацаанд тогтмол хэрэгжүүлэх үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.