Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид үндэстэн дамнасан аюул заналхийлэл, тэр дундаа терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа тэлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр аюулгүй байдлыг хангахад залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс “Peacebook форум” зохион байгуулснаа дурдаж, энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүсжээ.
Хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ЕНБД Томас Гремингер тэмдэглэж, цаашид сайн засаглалыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгох, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр Монгол Улсад бодит дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ