Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын 20 дахь удаагийн Консулын зөвлөлдөх уулзалт 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Цүй Аймин нар тэргүүлэн оролцсон бөгөөд Хөххот, Хонконг, Шанхай дахь Ерөнхий консулын газар болон Эрээн дэх Консулын газрын төлөөлөл байлцав.
Уулзалтын үеэр талууд иргэд харилцан зорчих нөхцөл, хоёр талын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэр хийж буй жолооч нарт консулын үйлчилгээ хүргэхэд тулгарч буй асуудлаар санал, мэдээлэл солилцсоноос гадна БНХАУ-д суралцах монгол оюутнууд виз мэдүүлэхэд сүүлийн жилүүдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зэрэг консулын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ.
Түүнчлэн энэ үеэр хоёр талын иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, хоёр улсын холбогдох хууль, журмыг иргэдэд сурталчлах, тэдэнд мэдээлэл түгээх аяныг хамтран зохион байгуулахаар тогтсон нь энэ удаагийн уулзалтын нэг онцлог байлаа.
Эх сурвалж: ГХЯ