Өнгөрсөн долоо хоногт 10-15 насны таван хүүхэд хулгайлсан автомашинаа жолоодоод хотын төвд явж байсан хэрэг гарсан билээ. Тэдгээр хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлсэн Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн Теле камер хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад М.Энхбаатартай ярилцлаа.
-Тухайн өдөр юу болсныг та ярихгүй юу?
-Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсээс зам тээврийн хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс долоо хоногт 1-2 удаа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулдаг.
Тухайн өдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр, 14 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг “Интер ном” дэлгүүрийн зүүн талын зам дээр шалгалт хийж байсан юм. Тэгтэл зам тээврийн осол хийсэн байж болзошгүй шинжтэй, мөнгөлөг саарал өнгийн “Toyota Ist” маркийн автомашин хөдөлгөөнд оролцож байхаар нь дохиж зогсоосон.
Тэгтэл тэр машинд дунд сургуулийн сурагчид буюу 11, 12 орчим насны таван хүүхэд суугаад нэг нь жолоо барьж явсан. Тэгэхээр нь “Энэ ямар учиртай, хэний машин бэ” гэж асуулаа. Тэгтэл жолоо барьж явсан хүүхэд “Аав сая дэлгүүр рүү орчихоор нь бид хөдөлгөчихлөө” гэсэн. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягийг нь олтол хоёр хүний нэр гарч ирсэн.
Тэмдэглүүлсэн хоёр дугаар руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь хэлтсийн даргадаа “Насанд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд машин бариад явж байна” гэж мэдэгдээд Тээврийн цагдаагийн Урьдчилан сэргийлэх албаны ахлагчтай даруй холбогдоод нөхцөл байдлыг танилцуулсан.
Хүүхдүүд тухайн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүрэгт гудамжинд асаалттай байхад нь хулгайлж унаад Телевизийн замаар уруудаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр рүү орж ирсэн гэж өөрсдөө ярьсан. “Манай аав машинаа орхиод явчихсан болохоор би хичээлээсээ хоцрох гээд байсан болохоор унаад яваад ирлээ” гэдэг зүйлийг эхний удаад ярьсан. Ингээд тэдгээр хүүхдүүдийг Тээврийн цагдаагийн Урьдчилсан сэргийлэх албанд унаж явсан машинтай нь хүлээлгэж өгсөн юм.
-Тэр хүүхдүүд ямар учиртай хүүхдүүд вэ. Сургуульд сурдаг хүүхдүүд биз дээ. Өмнө нь машин тэргэнд түлхүүр тааруулж хулгайлж байсан үйлдэлтэй гэх мэдээлэл яваад байгаа?
-Машин барьж явсан хүүхэд нь өөрийгөө “67 дугаар сургуульд сурдаг, зургаадугаар ангийн сурагч, Хөгжим бүжгийн коллежид үдээс хойш нь сурдаг” гэж хэлээд “Аав машинаа орхиод явчихсан болохоор унаад гараад ирсэн юм” гэж анх ярьснаасаа өөр юм хэлээд эхэлсэн. Хажууд нь хамт байсан хүүхдүүд “Үгүй ээ, тийм биш ээ.
Бид нар энэ машиныг Баянхошуунаас зөвшөөрөлгүй унаад гараад ирсэн юм аа. Бид PC тоглоом тоглочихоод, “Sky resort” орж гулгах зорилготой явж байгаа юм” гэсэн. Цагдаагийн байгууллагын тодруулснаар тэр таван хүүхдийн гурав нь өмнө нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 3-4 машиныг яг ийм маягаар хулгайлах буюу хүний машиныг зөвшөөрөлгүй унаж явж байсан нь тогтоогдоод шалгагдаж байсан юм билээ.
Шалгагдаж байх явцдаа зугтаачихсан хүүхдүүд юм байна лээ. Хүүхдүүдийг харьяаллаар нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжүүлээд шалгалтын ажил нь явагдаж байгаа.
-Машиныг хэдэн настай хүүхэд барьж явсан бэ?
-12 настай хүүхэд нь машин барьж явсан.
-Бие хаагаар ямаршуу юм?
-Жижигхэн биетэй хүүхэд. Манай замын хөдөлгөөний урсгал, эрчим их болсон. Тэр дундаас машин нэг бүрийг нарийн хараад байх боломжгүй. Бас хүүхэд шиг царайтай, овор багатай, жижиг биетэй залуус машин барьчихсан явдаг тохиолдол байдаг л даа.
-Цонх нь бууруулагч хальстай байсан уу?
-Хоёр талаараа бууруулагчтай байсан. Урдаа бууруулагчгүй. Машины хоёр талаар юм шүргэсэн, нидэрсэн байсан нь нүдэнд тусахаар нь зам тээврийн осол хийсэн байж болзошгүй гэж сэжиглээд л зогсоогоод хартал хүүхэд машин барьчихсан, бусад дөрвөн хүүхэд нь тамхи татаад сууж байсан.
Зам чөлөөлж зогсоогоод асуухад аав, ээжийнхээ нэр усыг хэлэхгүй байсан. Гурван утасны дугаар хэлсэн нь гурвуулаа ашиглалтад байхгүй дугаар байсан л даа.
-Та бүхэн өдөрт олон машин зогсоож шалгадаг. Хүүхдүүд машин бариад хотын төвөөр ингэж явж байсан тохиолдолтой өмнө нь таарч байв уу?
-Ийм тохиолдол бараг байхгүй. 17 настай ч юм уу, 18 нас хүрэхэд хэдхэн cap дутуу байхдаа шохоорхоод машин барьсан ганц хоёр тохиолдол байдаг болохоос биш тавын тавуулаа суучихаад ингээд хотын төвөөр давхиад явж байна гэдэг бол байж боломгүй асуудал л даа. Ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй.
Яг оргил цагаар буюу албан хаагчид уулзвар, зам дээр ажиллаж байх үеэр таарлаа л даа.
Манайхан хоёр ээлжээр бүх уулзвар, гарам, цэгүүдэд бүсийн офицер, цагдаа нар бүгд хамтарч ажиллаад хяналт шалгалт хийдэг. Ийм шалгалтын үр дүнгээр л энэ хэргийг илрүүллээ. Хэрвээ зогсоогоогүй бол зам тээврийн осол хийх, хүн дайрах, мөргөх зэргээр ноцтой үйлдэл гаргаж мэдэхээр байсан. Ямар ч байсан урьдчилан сэргийлж, зогсоож чадлаа.
-Энэ хүүхдүүдийг дахин ийм хэрэг хийлгэхгүйн тулд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авах бол?
-Цагдаагийн байгууллагын Олон нийттэй харилцах хэлтсүүд, сэтгэлзүйчид ажиллана. Цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдүүдийн ар гэр, асран хүмүүжүүлэгч, сургуулийн багш, захирлуудтай холбогдож уулзана. Дахин ийм хэрэгт оролцуулахгүйн тулд шат дараатай арга хэмжээ авна. Насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр эцэг эхчүүдэд нь хариуцлага хүлээлгэх байх.
-Дэлгүүрийн гадаа машинаа асаалттай орхих, хашаандаа машинаа түлхүүртэй нь үлдээх зэргээр манайхан машинаа асаалттай, түлхүүртэй нь үлдээх нь түгээмэл. Энэ нь эргээд хүүхдүүд хэрэг зөрчилд холбогдох шалтгаан болж байна гэж харж болох уу?
-Ялангуяа хүйтний улиралд жолооч нар машинаа халаахдаа, эсвэл ойрхон гүйж ороод мартсан юмаа авахдаа машинаа асаалттай нь орхидог. Ийм анхаарал сэрэмжгүй байдлаас тээврийн хэрэгслээ хулгайд алдах үзэгдэл их. Гэхдээ хүүхдүүд бүлэглээд ингэж машин хулгайлгаад явж байсан тохиолдол ховор.
-Та замын цагдаагаар ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-15 жил ажиллаж байна.
-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурван хүүхэдтэй. Нэг нь оюутан. Нөгөө хоёр нь бага. Сургууль, цэцэрлэгийн насны.
-Тухайн үед тэр хүүхдүүдийг хараад эцэг хүний хувьд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Би “Амрыг эрье” гэж ёслоод хартал хүүхэд машин бариад явж байхаар нь гайхсан. Аав дэлгүүр рүү орчихсон гээд байдаг. Тэгтэл тэр машиныг замын хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоосон байдаг. Тухайн үед би тэр хүүхдүүдийн үгэнд итгээгүй, маш их гайхсан.
Дахин дахин лавласан. “Эцэг эхчүүд хайхрамжгүйгээсээ түлхүүрээ машиндаа үлдээдэг дээ. Эсвэл хүүхдээ өвөр дээрээ суулгаад жолоо бариулаад байдаг сан. Иймэрхүү байдаг болохоор аав нь хааяа хээр гадаа явж байхдаа ойр зуур машинаа хөдөлгүүлдэг байж мэдэх юм.
Тэгж барьсаар энэ хүүхэд машин унаад сурчихсан юм байх даа” гээд янз бүрээр бодсон л доо. “Сонирхоод л машин асаагаад хөдөлгөөд хотын төв рүү ороод ирж дээ” ч гэж бас бодсон. 12 настай хүүхэд Баянхошуунаас машин хулгайлгаад Сүхбаатарын талбай хүртэл ирчихсэн гэхээр гайхсан.
-Таныг ёслоод, зарим зүйлийг тодруулж асуухад тэдгээр хүүхдүүд ямар хариу үзүүлсэн бэ. Айх юм уу?
-Ерөөсөө айж цочицгоогоогүй. “Хүүхэд машин барьж болдоггүйг мэдэх үү” гэсэн “Мэднэ ээ, мэднэ” гээд л өөр өөр юм яриад байсан.
-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл бол хүн болгонд хамаатай асуудал л даа. Таны бодлоор бид яавал түгжрэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой вэ?
-Ажил, сургуульдаа явахдаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хэрэгтэй. Замын хөдөлгөөний түгжрэл, саад юунаас үүдэлтэй вэ гэхээр тухайн жолоочийн соёлоос хамааралтай. Гэхдээ манай жолооч нар харьцангуй соёлтой болоод байгаа.
Гэхдээ манайхны хамгийн их гаргадаг соёлгүй зан бий. Үндсэн ногоон гэрэл асахад цаад уулзвар нь автомашинаа шингээж уусгах чадваргүй болчихсон байхад тэр уулзвар руу орчихдог. Үүнийгээ болих хэрэгтэй.
Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-т “Уулзвар, гарцаар нэвтрэх боломжгүй бол зогсоно” гэж заасан байдаг. Энэ дүрмээ биелүүлээд л түгжирчихсэн уулзвар руу орохгүй хүлээгээд зогсоход нөгөө талын уулзварын машинууд чөлөөтэй нэвтэрч байх боломжийг нь хангах ёстой.
Ингэдэггүйгээс л бөглөө түгжрээтэй уулзвар руугаа чихэж ороод үндсэн гэрэл унтарч, зүүн, баруун тийш эргэх машин нэвтрэхэд саад учруулаад уулзвараа чагталдаг. Энэ асуудлыг жолооч бүхэн ухамсарлаад замын хөдөлгөөндөө соёлтой оролцоод, их хотын соёлоо дагаад явбал замын хөдөлгөөний энэ түгжрэл гэдэг юм чинь уг нь гайгүй юм байгаа юм.
-Та бас теле камер хариуцсан зохицуулалт хийдэг юм байна?
-Камераа хянаад торгуулийг нь шууданд хийгээд гэрт нь хүргүүлдэг. Одоо утсанд мессеж ирдэг болсон. Цагдаа байхгүй юм чинь гээд дүрэм зөрчдөг үе өнгөрсөн. Замын хөдөлгөөнийг бүхэлд нь камераар хянадаг болсон.
Зориулалтын, зураг авдаг, хөдөлдөггүй камерууд бий. Улаанбаатар хотын Энх тайвны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэл чиглэлийн замд тээврийн хэрэгсэл, такси, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн автобус, цуваа, түргэн тусламж, гал команд, онцгой байдлын машин нэгдүгээр эгнээр зорчдог.
Бусад нь энэ эгнээгээр явахыг хориглочихоод байгаа шүү дээ, Тэгтэл энэ замаар зорчсон жолооч нар “Намайг торгочихлоо. Зураас даваад эргэхийн хооронд торгочихлоо” гээд байдаг. Энэ бол хүний оролцоогүйгээр, хөдөлгөдөггүй суурин камерт бүртгэгдсэн зөрчил юм шүү гэдгийг ойлгоорой.
-Та жолооч нар болон эцэг, эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монголын цагдаагийн байгууллага ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө 24 цагаар ажилладаг. Иргэд маань бусдыг хүндлээд замын хөдөлгөөндөө соёлтой оролцоод сурчихвал түгжирч бөглөрөөд байхгүй болов уу. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг юм яагаад байгаад байна вэ гэдэг чинь замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг л сануулаад байгаа юм. Дүрмээрээ яваад байхад түгжрэхгүй шүү.
Зам дээр зохицуулалт хийж байгаа, шалгалт хийж байгаа цагдаа нартай жолооч нар их соёлтой, хүндэтгэлтэй харьцдаг болоод байгаа. Өмнөхөө бодвол дүрэм зөрчих нь багасаж байгаа. Цаашдаа дүрэм зөрчих нь улам багасна гэж найддаг шүү.
Эцэг эхчүүд, багш нар хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй. Эцэг эхчүүд орой ажлаа тарж очоод үр хүүхдэдээ тодорхой цаг зав гаргаад гэр бүлээрээ яриад, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж сурах хэрэгтэй. Хүүхдээ хаагуур, юу хийж яваад нь анхаарал тавьж байхгүй бол хүүхэд бол маш гэнэн. Заавал энэ таван хүүхэд биш хүүхэд бол юм юм сонирхдог хүмүүс.
Тийшээ очиж PC тоглоё, цанын бааз явъя гэхэд ямар ч хүүхэд хамт явна. Тийм болохоор хүүхдүүдтэйгээ ярилцах, зөв ойлгох, зөв ойлгуулах нь нэн тэргүүний ажил. Мөн тээврийн хэрэгслийн түлхүүр, галт зэвсгийг хүүхдийн гар хүрэхгүй хол, далд газар хадгалах, түлхүүрийг хармаандаа юм уу, хүүхдийн гар хүрэхгүй газарт өлгөх, “Өөрөө унахгүй бол өрөөл бусдад автомашиныг хөдөлгөх бололцоогүй болгож тавина” гэсэн заалтын дагуу машинаа тавьж хэвшээрэй.
Эх сурвалж: Д.САРУУЛ