Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомботой Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар халуун дулаан яриа өрнүүлсэн байна.
Энэ үеэр Хурандаа генерал С.Лувсангомбо “Хотын дарга та залуу хүний хувьд эрчимтэй сайн ажиллаж байна. Би Москва хотоос зурагт, интернетээс мэдээлэл байнга авдаг. Улаанбаатар хотын утааг бууруулах үйл хэрэгт чамгүй амжилт гарч байгааг хараад ахмад зүтгэлтний хувьд баярлаж сууна. Хотын даргын ажил ч аж ахуйн шинжтэй, цаг зав гардаггүй, хүнд хэцүү ажил даа. Улаанбаатар хотод амьдран суугаа хүн амын тоо 1.4 саяас дээш дээш гарч, бага талбайд олон өндөр барилга байгууламж баригдсан ийм нөхцөлд та бүхэн газар хөдлөлтийн асуудалд анхааран ажиллах нь зүйтэй шүү.
Мөн инженерийн шугам сүлжээний асуудлын удирдах арга замыг тодорхой болгох ёстой. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь шийдээд ажиллаарай гэж захья. Мөн түүхэн ач холбогдолтой барилга байгууламжаа хадгалж, хамгаалах тал дээр дарга таныг анхаарч ажиллахыг хүсье. Одоогийн Хотын захиргааны барилга болох хуучнаар Алтай зочид буудлын тухай гэхэд Монголд байсан гурван маршалын оролцоотойгоор баригдсан байдаг. Сураг сонсох нь ээ, хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн, буулгаж нураана л гэх юм” гэж хэлжээ.
Уулзалтын төгсгөлд Хотын захирагч С.Амарсайхан, Хурандаа генерал С.Лувсангомбыг урт удаан наслахыг ерөөж, хотын захиргаанд гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж, Улаанбаатар хотод орон сууц олгохоор болсныг өөрт нь дуулгасан байна. Мөн түүнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль, гарын бэлэг гардуулж, хамтдаа дурсгалын зураг татуулжээ.